ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Монгол малчин” үндэсний хөтөлбөр баталлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталсан байна. 

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхи нь сайжирч, залуу халааг бэлтгэнэ
  • Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэн, чанарын үнэлэмжтэй болно
  • Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөл сайжирна
  • Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхи сайжран,  төсөл, хөтөлбөр хэрэгжинэ
  • Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалт идэвхжиж, нутаг орондоо ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна гэж тооцоолжээ.

Хөтөлбөрт:

  • Малын ашиг шимээр өрхийн үндсэн орлогоо бүрдүүлж, жилийн турш өөрийн малаа маллаж байгаа 16-аас дээш насны малчин
  • Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин
  • Суурин болон хагас суурин аж ахуйд мал бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төрөлжсөн мал тэжээж, арчилж, маллаж байгаа малчин, саальчин
  • Сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож баталгаажуулсан малчдын бүлэг хамрагдах юм.
  • Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшил 30, гадаадын төсөл, олон улсын байгууллагын санхүүжилтээс 45, орон нутгийн төсвөөс 40, улсын төсвөөс 135, нийт 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.