ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ: БНХАУ-тай хиллэдэг таван хилийн боомтоо хаалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-30

ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин өчигдөр Эрүүл мэндийн сайд, Эрүүл ахуйн хяналтын албаны дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, БНХАУ-д дэгдэж байгаа халдварт өвчний тархалтын асуудлаар уулзжээ.

Мөн ОХУ-ын бэлэн байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцсэн аж. Одоогийн байдлаар тус улс Алс дорнодын хилийн бүс дэх таван хилийн боомтоо ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл хаах шийдвэр гаргажээ.

Тус таван боомт нь Транс Байкал, Еврейн Автономит улс, Амур муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаарууд ажээ. Мөн тус улсын Засгийн газрын шинэ тэргүүн М.Мишустин коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, уг өвчинтэй тэмцэх асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгийг Ерөнхий сайдын орлогч, урьд нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Татьяана Голикова ахлах бол Дотоод явдлын яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл ахуйн хяналтын алба, Мал эмнэлгийн хяналтын алба, Гадаад тагнуулын алба, Аэрофлот компанийн төлөөлөл тус, тус багтжээ. Ажлын хэсгийн нэн тэргүүний хийх ажил нь өвчлөл дэгдсэн Хятад улсад суугаа орос иргэдийг эх нутагт нь буцаан авчрах явдал бөгөөд өвчлөлийн шинжилгээ хийх хугацаанд түр тусгаарлах арга хэмжээ авах аж.

Одоогийн байдлаар хил хаах шийдвэр гаргасан Амур мужаас 213 орос иргэнийг төв Благовещенск руу тээвэрлээд байгаа аж. Энэ мэтээр улс орнууд эхнээсээ шуурхай хуралдаан зарлаж яаралтай арга хэмжээ авч эхэллээ. Тухайлбал, АНУ-ын Цагаан ордонд мөн л Ерөнхийлөгч Д.Трамп шуурхай хуралдаан зарлажээ.