ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр парламентад “эргэж ирнэ”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-30

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар нууц санал хураалт явуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүдийн олонхи дэмжсэн хэдий уг саналыг баталгаажуулах тогтоолын төслийг илээр батлахад гишүүдийн олонхи дэмжээгүй юм.

Ингэснээр МАН-ын бүлэг завсарлага авч, үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн билээ. Түүний хүсэлтийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай хуралдаж бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх түүний  хүсэлтийг нь хүлээж авахыг дэмжлээ.  Гэвч үргэлжлүүлэн УИХ-ын чуулган хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр буюу Н.Номтойбаяр гишүүнийг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхийг хэлэлцэх байсан ч ирц бүрдсэнгүй. Угтаа гишүүд түүнийг явуулахгүй гэж шийджээ.  Харин удтал зөвшилцсөний эцэст өдрийн хуралдааны үед унагасан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг баталгаажуулах тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дахин босгож, дэмжлээ.

Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх бус түр түдгэлзүүллээ. Энэ нь хэрэв хууль хяналтын байгууллагаас түүнийг шалгаад, буруугүй нь тогтоогдсон тохиолдолд эргээд парламентын гишүүн болох боломжтой хэвээр үлдэж байгаа гэсэн үг юм.