ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Баттогтох: Заримдаа “чамд юу байна” гээд л далтайгаа ярих үе ч бий

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-31

СТА, дуучин, сийлбэрч Т.Баттогтох өнгөрсөн өдрүүдэд “Далны симфони” үзэсгэлэнгээ дэлгэв. Түүний үзэсгэлэндээ дэлгэсэн 20 гаруй сийлбэрийг сонирхох зуур уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа. 

-Хүн бүрийн сонирхол,  хобби өөр өөр  байдаг байх. Таны хувьд  олон  сонголтууд байхад яагаад далны ясаар сийлбэр хийх болсон талаар ярилцлагаа эхлүүлье?

-Дал бол монголчуудын эртний  өв соёлын нэг шүү дээ. Энэ цагийн хүмүүсийн  мартагдсан уламжлалт соёл  болсон.  Эртнээс далч хаадууд,  далч мэргэд гэх мэтчилэн монголчуудын дунд далтай холбоотой асар их мэдээлэл,  түүхийн  эх сурвалж байдаг. “Далны судар”, “Хөх судар”, “Эрдэнийн эрх” зэрэг түүхэн сурвалжит номнуудад далтай холбоотой маш их  мэдээлэл бий.  Түүнээс гадна  Марко Поло, Карпины зэрэг аялагчдын тэмдэглэлд Өгөөдэй хаан дал шатааж мэргэлдэг байсан тухай гардаг. Ер нь манай хаадууд далаар мэргэлдэг, далтай холбоотой хүмүүс байсан  юм билээ.  Миний хувьд далыг мэргэ гэхээсээ илүү  сийлбэр хийж ашигладаг. Малын 200 гаруй яснаас хамгийн том талбайтай эцэг яс нь дал.  Далан дээр аливаа амьтны сүр, бяр хүч оршдог. Нөгөө талаас сийлбэрч хүнийхээ хувьд харахад том талбайтай, нуруутай,  3D маягийн өөр өөр хэлбэртэй.  Хийх бүтээл бүр өөр, өөрийн донжтой гардаг гэдэг утгаараа далаар  сийлбэр хийх сэдэл төрсөн юм. Анх 1994 онд н.Жамбалдорж, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд агсан нар тэмээний музей байгуулах зорилгоор уран бүтээлчдийн дунд “Тэмээ тэнгэрийн амьтан” хэмээх уралдаан зарлаж байсан юм. Миний хувьд уг уралдаанд  сийлбэрч хүнийхээ хувиар орохоор шийдсэн. Мод, чулуугаар  сийлвэл сийлнэ л дээ. Гэхдээ бусдаас  өөр  байх ёстой гэж бодоод, тухайн үед  үхрийн дал олж авч байлаа. Тэгээд үхрийн далны нурууны хэсэгт тэмээн жингийн цуваа сийлээд,  хотны хэсэгт нь  эртний хадны сүг зураг сийлсэн. Мөн тэмээний 300 гаруй тамганаас нэлээд хэдийг сийлж, уг бүтээл маань хоёрдугаар байранд орж байлаа. Улмаар музейд  тавьснаас хойш далаар сийлбэр хийхээр шийдсэн. 

-“Далны симфони” үзэсгэлэн таны хэддэх  бие даасан үзэсгэлэн бэ. Юугаараа онцлог байв?

-Далаар сийлбэр хийснээс хойш есдэх удаагийн үзэсгэлэнгээ “Далны симфони” нэртэйгээр үзэгч,  олон нийтэд дэлгэлээ.  Өмнө нь “Дал орчин үед”,” Далны морь”  гэх мэтчилэн нэртэй гаргаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэн илүү  онцлог. Учир нь,  Их монгол Шаравжамцын өндрөөр буюу 2.5 см өндөр далны бүтээл тавьсан. Дал 10000  орчим нууцтай гэдэг утгаараа тэр хэмжээний товруу хийж өгсөн. Нэг товрууны цаана нэг нууц байгаа шүү /инээв/. Хүрэл, алтан шармал баримал болон  бусад материалуудтай холбоод далан баримлуудыг тавилаа. Арьсан цартай далаар хийсэн морин хуур ч бий. Симфони гэдэг нь  хөгжмийн хэлээр том найрал гэсэн үг. 

-Сийлэх бүтээлээ яаж сонгодог вэ. Тухайлбал зохиолч, яруу найрагчид  болсон үйл явдал,  эсвэл тэрхэн агшинд орж ирсэн торгон  эгзэгтэй  мөчийг  үгээр дүрсэлдэг гэдэг.  Таны хувьд  бүтээлийнхээ санааг  хэрхэн олдог вэ?

-Эхлээд далаа эргүүлж, тойруулж харна. Харж байхад ямар санаа орж ирэх вэ гэдгээс хамаарна гэхүү дээ. Болохгүй бол  далтайгаа ярина шүү дээ /инээв/. Чамд юу байна гээд л. Дал бүр  өөр, өөр  сэдэл,  сэдэв  төрүүлж байдаг. Жишээлбэл,  хоёр хүнийг харахад өөр ааш араншинтай, гадаад  төрхтэй байдаг  шиг дал тухайн амьтныхаа үс, зүс,  тэр ч байтугай малчин айлынхаа ааш араншингаас болно. Малын тарган, туранхайгаас хамаараад  хэлбэр,  галбир харилцан адилгүй байдаг. Ер нь хараад  байхад их л сонирхолтой, дахин давтагдашгүй байдаг юм билээ. 

-Үзэсгэлэнг харахад монгол  ахуйг  орчин үетэй холбосон  модерн маягийн бүтээлүүд байх шиг. Ер нь сэдэв чөлөөтэй,  сэтгэлгээ хязгааргүй шүү дээ. Нарийн  ур ухаан их шаарддаг байх? 

-Янз, янз шүү дээ. Зохиомжоосоо шалтгаална.  Бүхэл бүтэн 10 жил сийлсэн бүтээл ч байна, зарим нь ч хурдан гараас гардаг. Жишээлбэл,  36 хааны  бүтээл  бол 2006 онд дээд талын хэсгийг нь сийлж байгаад,  бүр  сүүлд  хажууд талын хоёр хас, үхэрнүүдийг  сийлсэн. Тэгэхээр нэг зохиомж олон жилийн дараа бий болж байна. 

-Одос үхрийн арьс ашигласан нь сонирхол татлаа. Сонин шийдлүүдийг ашигласан  байна. Туслах материалаа хаанаас авдаг вэ?

-Дал ганцаараа биш  цогцоороо нийлж байж илүү үнэ цэнтэй,  амьд болно. Машинаар төсөөлөөд үзье л дээ. Машинд  хэчнээн мянган техник, эд анги ордог билээ. Энэ олон эд ангийг нийлүүлж байж машин явдаг болохоос ганцхан дугуйгаар  хөдлөхгүй. Түүн шиг далны урлаг маш олон зүйлийг хольж байж орчин үеийн урлаг болж хөгжиж байна. Аль болох Монголынхоо  хамгийн чанартай материал ашиглахыг хичээдэг. Одос үхрийнхийг урдаас өөрөө авчирсан. 

-Таван хошуу малны далнаас өөр амьтны далаар сийлж байв уу. Бас ялгаатай юу? 

-Сийлэлгүй яах вэ. Аргаль, янгир, хандгай, буга, зэрлэг бодон гахайн далаар бүтээлээ  сийлж байлаа. Бүгд л өөр өөр шинжтэй. Намайг хүмүүс далаар сийлбэр хийдэг болохоор авчирч өгдөг.  Мэдээж зөвшөөрөлтэй ангийн  далнууд бий. Тухайн ангийн отгоос нь толгойг нь үлдээгээд бусад эд эрхтнүүдийг нь аваад явчихдаг юм билээ. “Улаанбаатарт байгаа миний аав” гэдэг  шиг “Баттогтоход” гэж хаяглаад тахины дал хүртэл явуулж байсан  тохиолдол бий /инээв/. Өөрийн урландаа, орчин үеийн олон төрлийн багажийг ашиглаж байна.  Сайн багажтай байж сайн бүтээл  хийнэ дээ. 

-Бүтээлүүдээ гадаад, дотоодод хэр худалдаалж байна. Олон жил далаар сийлбэр хийгээд хүмүүст танигдчихсан болохоор  захиалга их ирдэг байх?

-Нийт 20 орчим жил болчихсон учраас борлуулах тал дээр санаа зовохоо больсон. Гадаадад үзэсгэлэнд оролцоход л зараад дуусгачихдаг юм. Дэлхийн олон оронд энэ чиглэлээр үзэсгэлэнгээ гаргаж байлаа.  Италийн Бенетоны музейд бүтээлээс маань тавигдлаа. 30 гаруй оронд миний бүтээлийг цуглуулж тавьсан байдаг юм билээ.  Гадаад,  дотоодын урилга ч  их ирдэг. 

-Та бас дуучин хүн. Дуулах, сийлэх хоёрыг  хослуулаад их удлаа шүү дээ. Уран бүтээлээ орхиогүй биз дээ?

Дуулах,  сийлэхийн  аль аль нь миний хобби. Дуулж байж миний амралт болдог. Өглөө сийлбэрээ хийгээд, орой болон үдээс хойшхи хугацаандаа тоглолт,  арга хэмжээнд дуулдаг учраас амралт болдог. Бурхан надад тал талын авьяас өгсөнд талархаж явдаг даа. Мэргэжлийн дуучны хувьд, Нийтийн дуучдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн тэргүүнийхээ хувиар залуу дуучидтайгаа холбоотой   байгаа. 1994 онд анх Ардын дуу бүжгийн чуулгад орж байхад  У.Далантай С.Эрдэнэцэцэг, н.Гэрэлмаагаас эхлүүлээд  Н.Норовбанзад гуай гэх мэтчилэн алтан үеийн сор болсон дуучидтай хамт ажиллаж байсан. Дүрслэх урлагийн  дээд сургуулийн оюутан  дипломаа хамгаалаад  гүйж явахдаа Ардын дуу бүжгийн чуулгад дуулж явсан.  Дипломаа хамгаалахдаа морин хуур хийж байсан  юм.   Тэр үед ахмад дуучид,  ардын жүжигчид бүгд  диплом хамгаалалтад  дуулж өгч байсан  сайхан  дурсамжуудаа хэзээ ч мартдаггүй юм. Ийм түүх ч байдаггүй  юм билээ. Манай дүрслэхийнхэн “энэ Баттогтох ойлгомжтой, тэнцүүлэхээс  өөр яадаг юм” гэж билээ. 

-Хамгийн сүүлд ямар дуу гаргав?

-Хамгийн сүүлд Улаанбаатар марафоны сүлд дуу болох “Гүйхийн  гайхамшиг” гэдэг дууг  дууллаа. Хүмүүсийг идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг уриалсан өвөрмөц дуу л даа. Далны сийлбэрийн хажуугаар сайхан дуу төрвөл  дуулах санаатай байгаа. Одоо ч ихэнхи дууны үг, аялгуу адилхан болж дээ. Миний хувьд бусдаас өөр  байхыг хичээж байна. Хүний гол чанар нь оршиж байгаа бол бусдаасаа өөр байх хэрэгтэй. 

-Манай уран бүтээлчид  дунд далаар,  малын ясаар  бүтээл хийдэг хүн хэр их  байдаг вэ. Сонирхол, хобби нэгтэй болохоор  уулзаж,  хамтарч ажиллаж байв уу? 

-Анх далаар сийлбэр хийхэд хүмүүс гайхаж л байсан. Одоо намайг дуурайгаад  хийдэг хүн олон гарч ирсэн байна лээ. Миний бүтээлийг хуулаад сийлбэр  хийчихсэн хүн ч бий.  Саяхан л  гэхэд нэг  охин үзэсгэлэнд  орж ирээд, “Би Өвөрмонголд үзэсгэлэн гаргаад ирлээ” гэхээр нь харсан чинь минийхтэй адил бүтээлүүд байсан.

-Оюуны өмчийн  талаар их ярьдаг болсон шүү дээ. Оюуны өмчийн газарт хандах хэрэгтэй юм биш үү? 

-Хандлаа гээд нэмэргүй л дээ. Намайг урд хөршид багш энэ тэр гэж урьж залчихаад сүүлд нь миний бүтээлийг хуулчихсан байсан.  Хүний амьдралд хэрэг болж л байвал буянаараа болог гээд орхичихдог. 

-Цаашид үндэсний гар урлалын төрөл цаашид хэрхэн хөгжөөсэй гэж хардаг вэ? 

-Уран бүтээлчид  өөрсдөө чанарын өндөр хэмжээнд хийх хэрэгтэй. Гэхдээ орчин  нөхцлийг нь улсын бодлогоор зөв зүйтэй зохицуулаад өгчихвөл манайхан чадна. Чадахгүй юм байхгүй шүү.  Сэтгэлгээний л асуудал байдаг болохоос тулгамдсан асуудал  бараг байхгүй. Миний хувьд тийм л  байна. 

-Дараа дараагийн уралдаан тэмцээн, хийх бүтээлээ төлөвлөсөн үү? 

-Удахгүй “Далны хүмүүс”,  “Далны хөрөг”  зэрэг бүтээлээ толилуулна. 2021 онд Венец хотод дэлхийн томоохон уралдаанд оролцохоор төлөвлөсөн. Бараг урлагийн олимп  гэж хэлж болохоор уралдаан байгаа.