ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-31

10:20 цаг: УИХ-ын чуулганы  үдээс өмнөх хуралдаан өчигдөр 10 цагт 20 минутад эхэллээ. Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороонд Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх үеэр зөвхөн  танилцуулга хийсэн.  Асуулт асууж, үг хэлсэн  хүн байхгүй. Харин би ганцаараа байнгын хуралдааны үеэр  Н.Номтойбаярыг өөрийн саналаар бүрэн эрхээсээ   түдгэлзээч гэж хэлсэн. Хуралдаан хаалттай явах нь  олон нийтэд хардлага дагуулж байна. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг   Н.Номтойбаяр нь хамгаалсан юм билээ. Харин энэ удаа тэд  Н.Номтойбаярыг хамгаалж байгаа. Асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргаж байна” хэмээн мэдэгдсэн ч олонхийн бүлэг саналыг нь хүлээж аваагүй юм. Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны хамгийн эхэнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэв. Тус хуулийн төслийн талаар өмнө нь УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн учраас энэ удаад олонхиороо дэмжсэн  бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар  “Нэр дэвшигч наймдугаар сарын 15 гэхэд хүсэлтээ илэрхийлнэ. Сонгуульт жилийн наймдугаар сарын 1-нд ажлаа өгөх шаардлагатай. 

Нэр дэвших хүсэлт гаргаж буй иргэдийн дийлэнх нь хориглосон ажил, албан тушаалыг хашдаг. Тэгэхээр зургаан сарын өмнө ажлаа өгөхөөр  амьдрал ахуйд нь  сөргөөр нөлөөлнө.  Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 7000 орчим хүн нэр дэвшдэг. Тэдний дийлэнх нь төрийн албан хаагчид байдаг” гэлээ. Түүний хэлсэн үгэнд М.Билэгт гишүүн эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд “Х.Нямбаатар та буруу ярьж байна. Зургаан сарын өмнө ажлаас нь чөлөөлөхөөр ар гэр амьдрал нь хэцүүднэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Манайд  1.2 сая ажлын байр байгаагийн 200 мянга нь төрийн албан хаагч шүү дээ. Төрийн албан хаагчид  шилдэг боловсон хүчин байх ёстой. Сонгуульд нэр дэвшихээр  ар гэр,  амьдрал нь хэцүүдэх гээд байдаг. Ар гэр,  амьдралаа авч явж, чаддаггүй хүмүүс  төрд ажиллаж байна гэж ойлголоо. Авлигад өртөхгүй санхүүгийн чадамжтай хүмүүс нь төрийн байгууллагад ажилла” хэмээн саналаа хэлэв. Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Хуулийг хүчиндэж болохгүй. Орон нутгийн иргэдийн  хувь заяаг шийдэх гэж байгаа сонгуулийн хуулийг  ингэж олонхиороо хүч түрэн шийдэж болохгүй. М.Билэгт гишүүний ярьж байгаа зөв. Хамгийн үнэ цэнэтэй боловсон хүчнүүд бол төрийн албан хаагчид. Энэ хүмүүсийг ажлаа өг гэж хуулиар шаардах ёсгүй. Төрийн албаны хуулийн мерит зарчмаар явах уу, эсвэл улс төрд орох юм уу гэдэг сонголтын шийдлээ хий гэсэн үг.  Ажил, амьдралыг нь сүйтгэж байгаа асуудал огт биш. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1  гэснийг наймдугаар  сарын 1 болгож оруулж ирсэн нь том алдаа. Та нар бусдын үгийг сонсохгүй. Эрүүл ухаантай нь овоо гайгүй үг хэлж байснаа сүүлдээ бусадтайгаа адилхан болчих юм. Сонгуулийн жил хуулийг өөрчилсөн болгон нь унадаг, та нарт сануулчихъя. Манайд ч тохиолдож байсан, удахгүй та нар тохиолдоно. Хууль чинь гууль боллоо” хэмээн саналаа хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “М.Билэгт гишүүн буруу ойлгосон байна. Бүтээн байгуулалтын ажил эхлэх үеэр төрийн алба хаагч нь гарахаар ажил цалгардана. Тиймээс наймдугаар сарын 1 нь  маш оновчтой хугацаа шүү дээ.  Наймдугаар сард амралт гээд хөдөө орон нутаг эзгүйрдэг” гэж ярилаа. Хуралдаанаар гишүүдийн хооронд төрийн албан хаагчдын ажлаа өгөх хугацаатай холбоотой багагүй маргаан өрнөсөн ч хуульд төрийн албан хаагч наймдугаар сарын 1-нээс өмнө  ажлаа өгөхөөр зааж, эцэслэн баталлаа. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв

15:00 цаг: УИХ-ын чуулганаар Н.Номтойбаяр гишүүн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж эхэлсэн юм. УИХ-ын гишүүдээс хурлыг нээлттэй хийх санал гаргасан ч дэмжээгүй. Тиймээс УИХ-ын даргын зүгээс чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Ингээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд, нууц санал хураалтаар олонхийн саналаар дэмжсэн аж. Харин хуралдаанд оролцсон 58 гишүүний 30 нь дэмжсэн боловч УИХ-ын тогтоолын төслийг батлах ил санал хураалтад олонхи нь эсрэг кноп дарснаар батлагдаагүй юм. УИХ-ын чуулганаар түдгэлзүүлсэн ч биш, үгүй ч биш шийдвэр гарсан учраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэрийг гаргасан юм. Тэрбээр  “Намаас намайг ёс зүйн асуудлаар хөөх шийдвэр гарсныг танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйя. МАН-ын биш сул гишүүн болж байна. Удаа дараа би өөрийн биеэр уучлалт өчсөн. Тэгэхээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө  өгье гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын тухай хуулийн 6.6.3-ын дагуу би УИХ-ын гишүүнээс өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгнө” гэлээ. 
88.1 хувиар түдгэлзүүлэв

17:30 цаг: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэж, санал хураалт явсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн нууц санал хураалтаар 78.6 хувийн саналаар түүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжжээ. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцсэн гишүүдийн ирц хүрсэнгүй. Тиймээс чөлөөлөх саналыг хүчингүй болгож, харин өмнө нь унасан түдгэлзүүлэх тогтоолын төслийг баталгаажуулахаар санал хураасан билээ. Санал хураалтыг нээлттэй явуулсан бөгөөд  88.1 хувиар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Хэрэв хуулийн байгууллагаас шалгаад гэм буруугүй нь тогтоогдсон тохиолдолд  эргээд парламентад орж ирэх боломж бүрдэв.