ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ коронавирусийн эргэн тойронд...

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-01-31

2020 онтой зэрэгцэн Хятадын Ухань хотын хүнсний захаас шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааны тохиолдол бүрт­гэг­дэв. Энэ халдвар нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй корона­вирусийн шинэ төрөл бөгөөд САРС, МЕРС-ийн төрлийн вирус.

Шинэ төрлийн коронавирус (nCoV) нь амьсгалын дээд, доод замын эд эсийг гэмтээж уушгины хатгалгаа үүсгэдэг. Томуугийн вирусийн халдварыг бодвол хоруу чанар өндөртэй байх магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй бөгөөд САРС-тай харьцуулахад үхэлд хүргэх хувь бага аж.

Халдварын нууц үе дунджаар 5.2 хоног. Гэхдээ өвчтөн бүрт өөр өөр хугацаанд илэрч байгаа аж. Энэ талаар “New EnglandJournal of medicine” сэтгүүлд Хятадын судлаачид хэвлүүлсэн байв. Судалгааны баг коронавирусийн халдвартай 425 хүнийг хамруулан судалжээ. Судалгаагаар халдвартай нэг хүн дунджаар хоёр хүнд вирус тараах эрсдэлтэй гэсэн дүн гарсан бөгөөд энэ нь улаанбурханы халдвараас бага, улирлын томуугийн халдвараас арай их байгааг харуулж байгаа юм. Харин 2002-2003 онд тарсан САРС өвчний тархалттай тун төстэй байжээ. 

Тодруулж хэлбэл, улирлын томуугийн халдвар дунджаар 1.3 хүнд тархах эрсдэлтэй байдаг бол улаанбурханы халдвар дунджаар 12 хүнд халдварладаг байна. Харин САРС-аар өвчилсөн нэг хүн эргэн тойрныхоо гурван хүнд халдвар дамжуулах эрсдэлтэй гэсэн судалгааны дүн байдаг аж. Мөн шинэ коронавирусийн халдвартай 425 хүний ихэнх нь 60-аас дээш насныхан байсан бөгөөд 15-аас доош насны нэг ч хүн халдвараар өвчлөөгүй байжээ.  

Вирусийн халдвар авсан хүний 90 хувьд өндөр халуурах, 80 хувьд хуурай ханиалгах, 20 хувьд амьсгал бачуурах, 15 хувьд амьсгалын дутагдал, ихэнх хувьд ядарч сульдах зэрэг шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл ихэвчлэн вирусийн гаралтай уушгины хатгалгаа үүснэ гэсэн үг. Зарим тохиолдолд огт шинж тэмдэг илрээгүйг ч мэргэжилтнүүд онцолж байгаа юм. 

Вирусийн гарал үүсэл

Шинэ төрлийн коронавирус юунаас гаралтай эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа. Анх энэ төрлийн вирус Ухань хотын далай болон зэрлэг амьтад худалдаалдаг захад гарсан тул амьтнаас хүнд халдварласан байж болзошгүй хэмээн таамаглаж буй. Ингэхдээ могой эсвэл сарьсан багваахай гэсэн таамаглал байгаа юм. Анх вирусийг амьтнаас хүнд халдварладаг хэмээн үзэж байсан бол хүнээс хүнд халдварладаг болохыг нь тогтоохын тулд хэсэг хугацаа зарцуулсан нь вирусийг өнөөгийн түвшинд хүртлээ хурдацтай тархахад нөлөөлсөн гэж үзэж байна. 

Вирусийн халдварын тархалтын байдал  

Хятадын Үндэсний Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж байгаагаар коронавирусийн шинэ төрлийн вирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 170-д хүрч, шинээр халдвар авсан иргэдийн тоо 1700-аар нэмэгджээ. /Халдварын тархалтын байдал минут тутамд шинэчлэгдэж буй бөгөөд уг тоо нь нэгдүгээр сарын 30-ны байдлаарх болно/ Түүнчлэн коронавирусийн халдвар авсан нийт 7711 тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварыг авсан байж болзошгүй 12 176 тохиолдлыг шалгаж байгаа гэжээ. Лхагва гарагт коронавирусын халдварын голомт болох Хятадын Ухань хотоос эх орондоо эргэн ирсэн Япон улсын иргэдээс гурван нь коронавирусийн халдвар авсан байсан нь тогтоогдсон талаар Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Эдгээр гурван иргэний хоёрт нь халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй байжээ. Шанхай хотын эрх баригчид эм, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд болон супермаркетуудаас бусад компаниудын амралтыг хоёрдугаар сарын 10 хүртэл сунгалаа. Хятадын Ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн даваа гарагт халдварын голомт болоод буй Ухань хотод айлчилж, нөхцөл байдалтай танилцжээ. Коронавирусийн шинэ төрлийн вирусийн халдвар нь амьсгалын замын цочмог үрэвсэл үүсгэдэг ба уг вирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн дийлэнх нь амьсгалын замын архаг хууч эмгэгтэй эсвэл өндөр настай иргэд байгааг эрдэмтэд онцолжээ. Халдварын голомт болоод буй Хубэй мужид уг вирусийн халдвараас сэргийлэх, халдварыг хянах, эмчлэх ажилд 500 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлаад байна.

Хэлмэгдэгсэд 

Вирусийн тархалт дэлхий дахиныг айдаст автуулж буй энэ үед буруугүй ч буруутан болж хохирох хохирогчид нэмэгдэх болжээ. Тэд бол азиуд. Сүүлийн үед Их Британи, Франц зэрэг олон улсад азиудыг нүд үзүүлэн, зайгаа барьж, тэр бүү хэл зарим үйлчилгээний байгууллагууд тэдэнд үйлчлэхээс татгалзах болсон аж. 

Энэ мэт таагүй хандлагыг азиуд нийгмийн сүлжээнд эсэргүүцэж эхлээд байгаа юм. Гадуурхалтад өртсөн азиуд “Би вирус биш” гэх хаштаг хэрэглэн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлэх болжээ. Нөгөөтээгүүр, өөр нэгэн хохирогч нь мексикийн алдарт “корона” шар айргийг үйлдвэрлэгч компани болж байна. Олон сая хүн коронавирусийн халдварын уг гарлыг Мексикийн алдарт “Corona” шар айрагнаас үүсэлтэй гэж андуурч байгаа гэнэ. Түүнчлэн энэ андуурлаас болж тус шар айргийг үйлдвэрлэгч компанийн хувьцаа унаж эхэлжээ. Мөн “Google” хайлт дээр “Corona beer virus”, “Beer virus”, "beer coronavirus" гэх зэрэг хайлтууд огцом нэмэгдсэн байна. Ийм төрлийн хайлт Кампуч, Дани улсаас их хийгджээ.

Вирусийн тархалтаас сэргийлж хилээ хаасан орнууд 

Хэд хэдэн улс БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа хаах шийдвэр гаргасан байна. Хамгийн түрүүнд БНАСАУ хилээ хааж буйгаа мэдэгдсэн бол ОХУ-ын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн Алс дорнодын таван бүс дэх хилийн боомтуудаа ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл хаахаар болсноо мэдэгдлээ. Тодруулбал, зургаан сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойргийн бүсүүд болох Амур муж, Еврейн автономит муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, Транс Байгаль орчмын бүс нутгуудаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг хаах аж. Мөн Казахстан улс коронавирусийн аюулаас эх орноо хамгаалахын тулд энэ сарын 29-нөөс эхлэн Казахстан, БНХАУ-ын хоорондох  автобусны хөдөлгөөнийг зогсоожээ. Мөн Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хоёр улсын хоорондох суудлын галт тэрэгний маршрутыг хаах бол хоёрдугаар сарын 3-наас агаарын тээврийг зогсоохоор төлөвлөжээ. Түүнчлэн, Хятадын иргэдэд виз олголтыг зогсоосон байна.

Улс орнууд иргэдээ халдварын голомтоос татаж байна 

Корона­вирусийн халдвар илэрсэн Ухань хотод хөл хорио тогтоож, гадагш гарах урсгалыг хаасан билээ. Тэгвэл тус хотод тусгаарлагдаж, хөл хорионд орсон иргэдээ гадны улс орнууд эх орон руу нь буцаан татаж эхлээд байна. 

Япон улс нь Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 200  гаруй иргэнээ эх орондоо нүүлгэн шилжүүлж авчирчээ. Мөн АНУ, Австрали зэрэг улсууд энэ маягаар иргэдээ нутагт нь авчрах ажлыг зохион байгуулсан юм. Одоогоор АНУ, Австралийн эх орондоо эргэн ирсэн хүмүүсээс вирусийн халдвартай тохиолдол илрээгүй бол Японд голомтоос эргэн ирсэн иргэдийн хоёрт нь халдварын шинж тэмдэг илэрчээ. ОХУ ч мөн адил иргэдээ буцаан авчрах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тэд эхний ээлжинд БНХАУ-аас Амур мужийн засаг захиргааны төв Благовещенск руу 213 орос иргэнийг хүргэжээ. Цаашид үлдсэн иргэдээ буцаан авчрахад анхаарахаар ажиллаж буй аж. Манай улсын хувьд Ухань хотод 31 монгол иргэн байгаа бөгөөд иргэдээ онгоцоор эх оронд нь авчрах бэлтгэлээ бүрэн базаасан ч, БНХАУ-ын талаас хариу өгөхийг хүлээсээр байгаа тухай албаны эх сурвалж мэдээлсэн юм. 

Хөнгөн атлетикийн ДАШТ хойшиллоо

БНХАУ-ын Наньжин хотод ирэх гуравдугаар сарын 13-15-ны хооронд зо­хион бай­гуу­лагдах 2020 оны тан­химын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэм­цээн хойшлогдож бай­гааг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос мэдэгдлээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжийн дагуу энэ удаагийн ДАШТ-ийг хойшлуулж байгаа бөгөөд өөр хотод зохион байгуулах саналуудыг ч хүлээн аваагүй байна. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос гаргасан мэдэгдэлд “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг манай эрүүл мэндийн багийн зөвлөгөөний дагуу Хятад улсад болон дэлхий даяар тархаад буй коронавирусийн халдвар ноцтой түвшинд байгаа учир олон нийтийг хамарсан энэхүү арга хэмжээг хойшлуулж байна. Бид тэмцээнийг дахин зохион байгуулах боломжтой газруудыг судалж байгаа. Манай байгууллагад энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлж байгаа хотуудад талархмаар байна. Бид энэхүү тэмцээнд оролцох хүсэлтэй тамирчид , тэмцээнийг зохион байгуулах Наньжины хороо, түнш байгууллагуудаа харгалзан үзэж энэхүү тэмцээнийг цуцлах хүсэлгүй байгаа. Бидний зүгээс танхимын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2021 онд Наньжин хотод зохион байгуулах эрхийг нь хадгалж үлдмээр байна” хэмээжээ.

2018 оны танхимын хөнгөн атлетикийн ДАШТ Английн Бирмингхэм хотод зохион байгуулагдсан бол 2022 оны ДАШТ нь Сербийн Белград хотод зохион байгуулагдахаар болжээ.