ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Дэмбэрэл:  Би эмзэглэдэггүй, зарим нь намайг муулж таашаал авдаг байх

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-04

-Яагаад хүүхдүүдэд зориулаад хийдэд ном уншуулж болдоггүй юм бэ-

Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Болдын Дэмбэрэлийг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-Болдын Дэмбэрэл гэж хэн бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү. Та хэвлэл мэдээлэлд бараг ярилцлага өгч байгаагүй юм билээ. Тиймээс энгийн асуултаас эхэлж байна?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд, 40 мянгатад өсөж төрсөн. Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийг дүүргэсэн.

-Дээд боловсролоо хаана эзэмшсэн бэ?

-Хэд хэдэн сургууль дүүргэсэн. АШУИС-ийг Сувилахуйн арга зүйч мэргэжлээр төгссөн. Дараа нь Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар төгссөн байгаа. Мөн хэдхэн хоногийн өмнө “Билэг” дээд сургуулийн эрхзүйн ангийг дүүргэлээ. Ер нь манайхан гэр бүлээрээ эмч мэргэжилтэй. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан. Манай ээжийг Өлзийбаяр гэдэг. Монгол Улсын зөвлөх мэдрэлийн эмч,  манай аав Болд гэдэг. Сэтгэцийн эмч мэргэжилтэй.

-Жирийн нэгэн сувилагч яагаад улс төрийг сонирхох болсон бэ. Хэзээнээс эхэлсэн бэ?

-2012 оноос эхлэн нийслэлийн болон дүүргийн иргэдийн хурлын талаар сонирхож эхэлсэн. Түүнээс өмнө хувийн бизнес эрхэлж байлаа. Яагаад улс төрд орсон бэ гэхээс илүүтэй Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаас гадна төрийн албаны хүнд суртлыг арилгах, өөрчлөх зорилгоор улс төрийг сонирхож эхэлсэн. Хувийн бизнес эрхэлдэг учраас төрийн албаны хүнд суртлыг биеэрээ туулсан гэхэд болно. Үүнийг өөрчлөхийн тулд менежмент гаргаж, багт нь орж ажиллах юмсан гэсэн бодлоор улс төрд орсон.

-Таныг Лондонд амьдарч байсан гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Лондон хотод гурван жил сурч,  ажиллаж, хөдөлмөрлөсөн.  Англиас  ирээд анх 2004 онд хувийн 103 эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлж байлаа. Тусгай тоноглолтой үйлчилгээний автомашиныг тэргүүлэх зэргийн эмч нартай хамт гэрийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тухайн үед манай улсын яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг 103 хангалтгүй байлаа. Өөрөөр хэлбэл, машин болон тоног төхөөрөмжийн дутагдалтай байсан шүү дээ. Түүнээс эмч боловсон хүчний хувьд хэлсэнгүй. Тиймээс бид энэ орон зайг нөхөх зорилгоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. Тухайлбал, хагалгаанд орохоор хөдөө, орон нутгаас ирсэн хүнийг тосож, холбогдох эмнэлэгт нь хүргэдэг өгдөг. Мөн гадаадад эмчилгээ хийлгэж, ирсэн хүнийг хүргэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг байлаа.

-Энэ хүмүүнлэгийн ажил уу эсвэл цэвэр бизнес үү?

-Гэрийн эрүүл мэнд үйлчилгээг үзүүлж байсан. Бизнес гэж ойлгож болно. Одоо бол үйл ажиллагаа нь зогссон.

-Тэгэхээр та одоо ямар нэгэн бизнес эрхэлдэггүй гэсэн үг үү?

-Хувийн бизнес байхгүй. Харин манай гэр бүлийн хүмүүсийн үүсгэн байгуулсан хувийн сувилал бий.

-Улаанбаатарын хөгжил дэвшил болон төрийн албаны хүнд суртлыг арилгах зорилгоор улс төрд орсон гэлээ. Та  дөрвөн жилийн хугацаанд амлалт болон зорилгынхоо хэдэн хувийг биелүүлсэн бэ?

-Иргэдийн хурлын төлөө­лөгч гэдэг нь маш олон талын үүрэгтэй ажил алба шүү дээ. Тиймээс төлөөлөгчид гүйцэтгэх засаглалын ажил руу ороод хог цэвэрлэж, гэрэлтүүлэг тавьж, золбин нохой устгаад яваад байх ёсгүй. Үүнийг  гүйцэтгэх засаглал болон хороо, дүүргийн тамгын газрын ажилтнууд хийдэг. Гэхдээ одоо байдал эсрэгээрээ байна. Та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Манай Баянзүрх дүүрэг засаглалын хямралд орчихлоо. Иргэдийн хурал нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах чадамжгүй болчих­лоо. Шүүхийн асуудал нь өнөө хэр дуусаагүй байтал дараагийн сонгуультай зол­гох гэж байна. Энэ мэт олон шалтгаанаар гудамжинд хог ачуулаад, золбин нохой устгах зэргээр янз, янзын ажил хийж явна. Ер нь шууд хэлэхэд, иргэдийн хурлын төлөөлөгч бол дарга биш. Нийгмээрээ төлөөлөгчдийг дарга гэж хүлээж авдаг. Эрх мэдэлтэй гэж ойлгодог. Эрх мэдэлтэй, даргын албан тушаал биш шүү дээ. Төсвийн хөрөнгийг баталж өгнө. Захиран зарцуулалтад хяналт тавьж, ажиллана. Хуулийн хэрэгжилт болон иргэдийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхэд дуу хоолой болж ажилладаг хүмүүс. Бид гүйцэтгэх засаглал болон Засаг дарга нарт хяналт тавьдаг хүмүүс гэж ойлгож болно.

-Та сэтгэл дундуур байгаа юм уу?

-Өнөөдөр Засаг даргаа хянах ёстой хүмүүс нь бүтэц, бүрэлдэхүүнд нь ажиллаж байна. Тухайлбал, хорооны засаг нар байна. Иргэдийн хурлын төлөөлөгч нь өөрөө хорооны засаг даргаар ажиллаж байхад яаж хяналт тавих вэ. Яаж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болж явах вэ дээ. Дараа нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд бий. Эдгээр компаниудын захирлаар ажиллаж бай­гаа Иргэдийн хурлын төлөөлөгчид яаж Засаг даргаа хянаж, шаардлага тавьж ажиллах юм. Засаг даргынхаа өөдөөс үг дуугарч чадахгүй байна. Гэтэл олон нийтийн зүгээс гэхээр эрх мэдэлтэй, мөнгөтэй, мөн амьдралаа сайжруулахаар төлөөлөгч болдог гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ ийм бодолтой төлөөлөгчид байхыг үгүйсгэхгүй.

-Тэгэхээр төлөөлөгч нарт ийм боломж байдаг гэсэн үг үү?

-Байх ёсгүй. Төлөөлөгч нарт нийгмийн баталгаа байхгүй шүү дээ. Цалин, нийгмийн даатгал  байхгүй. Урамшуулал гэж мөнгө авдаг. Үүнийг зарим төлөөлөгчид цалин гэж ойлгодог. Улиралд таван сая төгрөг авдаг. Гар дээр 4.5 сая төгрөг ирнэ. Энэ мөнгийг хувьд ашиглах ёсгүй. Тухайн нутаг дэвсгэр болон иргэдэд хууль сурталчилж таниулна. Иргэдийн гомдлыг шийдвэрлэнэ. Баяр ёслолын үйл ажиллагаанд хэрэглэнэ.

-Харин та урамшууллаа зориулалтаар нь ашигладаг уу?

-Би улирал бүр ажлын албанд тайлангаа гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл, тойрогтоо хийсэн ажил болон санхүүгийн тайлангаа гаргаж өгнө. Энэ бүхэн­тэй танилцахад нээлттэй. 2016 оноос хойш хийсэн ажлууд бүгд бий. Нуух зүйл огт байхгүй. Миний хувьд төлөөлөгчдийн урам­шуулалтай эсрэг байр суурьтай байдаг.

-Яагаад?

-Урамшуулал гэхээс илүү­тэй төлөөлөгч нарыг хариуц­лагажуулж, цалинтай болгох хэрэгтэй. Угаасаа төсвөөс авч байгаа мөнгө учир цалин хэлбэрээр олгох хэрэгтэй. Ажил хийгээгүй хүнд ч олгож байгаа мөнгө шүү дээ. Тиймээс цалин авч байгаа хүн ямар нэгэн байдлаар ёс зүйтэй байх ёстой юм. Түмний төлөө зүтгэж байгаа төлөөлөгч нарын нийгмийн даатгал төлөгдөж байх шаардлагатай.

-Баянзүрх дүүргийн хэрүүл маргаан яагаад өндөрлөхгүй, эцэслэхгүй байна вэ?

-Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нь ийм байна. Сонгуулийн маргааныг ингэж шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт алга. Шүүхээр мөнгө тараасан нь тогтоогдсон. Дахин сонгууль болсон. Дахин сонгогдсон хүмүүсээ хүлээн зөвшөөрөхгүй дахиад шүүхэд өгчихдөг. Үүнийг хурдан, шуурхай шийдэх зохицуулалт алга. Монгол Улсын хамгийн хүн ам олонтой засаг захиргааны нэгж шүү дээ. Гэтэл өнөөдрийг хүртэл Засаг даргагүй явж байгаа. Үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалтай хүн бий. Иргэдийн хурал  нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байна. Шүүхээс эцэслэж шийдвэр гаргаа­гүй, хүлээлтийн байдалтай. Шүүхийн процесс хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна.

-Иргэн, төр хоёрын гүүр байж чадав уу. Өөрийгөө хэрхэн ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Өөрийгөө магтах нь ч юу юм бэ. Би соошл орчинд нээлттэй байдаг. Твиттер  бол соошл орчны  өөр нэг ертөнц. Харин фэйсбүүк гэж бий. Сонгогч нарт болон  дүүргийн иргэдэд зориулсан групп байгаа. Соошлоор дамжуулж, иргэдээс янз бүрийн санал хүсэлт ирдэг. Хуулийн хүрээнд өөрийнхөө хэр чадлаар ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд эмэгтэй хүнийг ажилд авахгүй байгаа талаар гомдол ирсэн. Холбогдох байгууллагад нь хандаад ажиллаж байна Мөн Туул гол руу “Асем велла” цанын бааз бохир ус болон өтгөн, шингэнээ асгаж байгаа талаар олон нийтэд дэлгэжь мэдээлэл хүргэж байлаа. Үүний дагуу тус байгууллагад торгуулийн арга хэмжээ ногдуулж, үйл ажиллагааг нь зогсоосон.

-Та МАН-ыг яагаад сонгосон юм бэ?

-Монгол Улсын хөгжил дэвшлийн хэчнээн жилийг МАХН буюу одоогийн МАН авч явсан бэ гэдгийг харах хэрэгтэй. Олон нийт дунд нь АН-д итгэл хүлээлгэж сонгосон. Энэ үед нийгэм, эдийн засаг ямар хэмжээнд хүрэв гэдгийг харж байгаа байх. Түүнээс гадна улс төрийн намууд дотоод­доо шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүл­сэн. Энэ үүднээс МАН-ыг сонгосон бөгөөд  үзэл баримтлал нь зөв зүйтэй учир элсэж, үнэмлэхээ авсан. 2016 онд элссэн. Залуучуудад нэг нийтлэг ойлголт бай­даг. МАН хаалттайгаас гад­на залуучууддаа боломж олго­доггүй гэдэг. Карьер хөөхийн тулд хаалганы гадна дугаарлаад зогсдог мэтээр яриад байдаг. Надад ч ийм ойлголт байсан. Гэвч дотор нь ороход харин ч эсрэгээрээ нээлттэй нам шиг санагдсан. МАН дотоод ардчилалтай төдийгүй болохгүй, бүтэхгүй хүмүүстэй хариуцлага тооцож чадаж байгаа. Харин эсрэгээрээ АН илүү хаалттай байх шиг санагддаг.

-МАН дотроо хэд хэдэн фракцид хуваагддаг. Өөр өөрийн гэсэн “хөгжөөн” дэмжигчидтэй. Та чухам алинд нь харьяалагддаг юм бэ?

-МАН дотор олон фракци байдаг гэдгийг мэдэхгүй. Надад бол ямар нэгэн фракцийн харьяалал байхгүй. Миний хувьд шударга ёсны төлөө зүтгэж байгаа нэгнийг дэмжээд л явдаг.

-Та гэр бүлтэй юу. Ингэж асуусан нь дараа дараагийн асуултуудтай холбогдох юм?

-Тийм ээ. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

-Та хариуцлагатай албан тушаал хашдаг хүн. Тэгсэн атлаа соошл орчинд дэндүү нээлттэй байдаг. Тухайлбал, төлөөлөгч Г.Хонгортой авахуулсан зураг, гөлөг гэх мэтээр нэрлэж болно. Олон нийтийн зүгээс та хоёрыг “цэнхэр” гэж  ойлгосон?

-Надад Г.Хонгор анд болон банхарын гөлөгний жиргээ бий. Манай нийгэм болон соошл орчин аливаа зүйлийн текстийг бүрэн уншдаггүй. Дутуу уншчихаад, санаатайгаар мушгин гуйвуулдаг ч юм уу. Үүнийг сэвээ гэдэг. Ингээд сэвдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Харин энэ сэвээнд ордог хэсэг масс байгаа. Тухайлбал, тэмдэглэлт өдрөөр Хонгор андтайгаа гэсэн зураг байна. Би бүр хэвлэлийн хурал хүртэл хийсэн. Тухайн үед бид хоёрын таньдаг ах эхнэртэйгээ гэр бүл болсны 30 жилийн ойн баяр болоод урьсан. Урьсан зочин бүрийн ширээ гоё байсан. Бид хоёр тэр зургийг санаатайгаар тухайн газрын үйлчлэгчийг гуйж авахуулсан. Тэр текстийг ч бид хамтдаа ярьж байгаад тавьсан. Тэр банхарын гөлгийг бурханд илгээв гэхэд хүмүүс өөрийнхөө ойлгосноор шууд хүлээж авч байх жишээтэй.

-Шууд шидсэн гэж ойлгоно шүү дээ. Бурханд илгээв гэхээр?

-Энэ текстийг унших юм бол шидсэн гэсэн үг байхгүй. Илгээв гэхээр бурханд яаж ч илгээж болно. Тухайлбал, залбирч илгээсэн байж болно. Өөрөөр хэлбэл, айкү бодлого эсвэл сонжоо мэтээр ойлгож болох юм. Гэхдээ би энэ текстийг фэйсбүүк биш твиттерт тавьсан. Жиргээг би оюуны дасгалын орон зай хардаг. Тэнд зөв хошигнол, бага зэргийн маазраа, ёгт үгнүүд байх ёстой. Тухайл­бал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп твиттерт ёгт үгээр жиргэдэг шүү дээ. Гэхдээ энэ нь миний алдаа. Би хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан.

-Таныг блоклох аян хүртэл жиргээнд өрнөлөө. Зарим нь сэтгэцийн өөрчлөлттэй юм биш үү гэж хүртэл пост оруулж байсан шүү дээ?

-Гэхдээ энэ жиргээг та сайн тогтоод уншвал, шидсэн, алсан гэсэн зүйл байхгүй. Үнэнийг хэлэхэд би амьдралдаа есөн давхарт амьдарч үзээгүй. Тухайн үед хүмүүст маазраа маягаар жиргэсэн. Тэр үед есөн давхар гэдгийг тооцоолсон. Харин хоёр давхраас бурханд илгээв гэвэл хүндээр тусахгүй байсан биз. Энэ бүү хэл, жиргээнд ёс бус үг хэллэгтэй зүйл байдаг. Тэгсэн ч түүн шиг ийм олон хандалт авч, шуугиан тарьсан жиргээ байхгүй.

-Тэгэхээр дагагчийнхаа тоог нэмэх зорилгоор гөлөгний тухай жиргэсэн гэж ойлголоо?

-Жиргээнээс нэг зүйлийг маш сайн ойлгосон. Намайг илүү хариуцлагатай байхыг шаардаж байгаа юм байна. Улстөрч гэсэн өнцгөөс харж байна гэж ойлгосон. Би өөрийгөө дутуу үнэлж, жиргээний найз нартайгаа маазардаг шигээ байж  болохгүй юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн.

-Таны соошл орчин хэтэрхий их нээлттэй байдлыг гэр бүл, хань ижил, үр хүүхдүүд чинь хэрхэн хүлээж авдаг бол. Ихэвчлэн сөрөг сэтгэгдлүүд бий. Дээрээс сэтгэцийн өөрчлөлттэй, цэнхэр энэ тэр гэсэн пост их байгаа. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авдаг юм бэ. Эмзэглэх үү?

-Манай гэр бүлийнхэн их нээлттэй ардчилсан хүмүүс байдаг юм. Амжилттай яваа эр хүний ард сайн эхнэр байдаг гэдэг. Миний арыг эхнэр болон төрсөн дүү хоёр минь бүрэн хариуцаж явдаг. Миний фэйсбүүк, твиттер бүгд нээлттэй. Манай эхнэр надад хааяа зөвлөгөө өгнө. Намайг бүгд ойлгодог.

-Таны эхнэр юу хийдэг вэ?

-2005 онд анх Монголд хувийн өндөр настнуудын асрах газрыг барьсан. 2007 оноос хойш “Алтболд” ахмадын асаргаа, сувилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Асрамжийн газар гэхээр нөгөө л гөлөг бурханд илгээв гэдэг шиг ойлголттой байдаг. Суурин соёл иргэншил дунд эцэг, эхээ асрах боломж үр хүүхдүүдэд нь хомс байдаг. Тэр бүү хэл үйлдлээ хянах чадваргүй болсон хүн бол байнгын асаргаатай байна шүү дээ. Үүнийг заавал нэг хүн асрах ёстой. Манай үйл ажиллагааг энгийн үгээр хэлбэл, цэцэрлэг гэсэн үг. Хүн өдрөөр эсвэл сараар ч байж болно. Цаашилбал, хэдэн жил ч байж болох юм. Ахмадууд маань мэргэжлийн эмч нарын 24 цагийн асаргаанд байж байна. Нөгөөтээгүүр, өөрийн насны ойролцоо ахмадуудтай хамт байх боломжтой. Наад зах нь хоорондоо сэтгэл санаагаа уудалж, жаргал зовлон­гоо хуваалцах боломжтой. Манайх өвөлдөө 50 орчим, зундаа 100 орчим ахмадад асаргаа сувилгаа үзүүлдэг.

-Г.Хонгор андтайгаа олон жил нөхөрлөж байна уу?

-Бид хоёр 2016 оноос хойш дотно нөхөрлөж, хамтран ажиллаж, зүтгэж  явна. Өмнө нь бид хоёр бие биеэ мэддэг байсан. Г.Хонгор төлөөлөгчийн дүүтэй багадаа найзалж, нөхөрлөж явсан. Тэр зураг бол үнэхээр их хандалт авсан шүү. Сонгууль болохоор энэ зургийг дахиад гаргаад тавих байх. Уг нь бид хоёулаа ярьж байгаад тавьсан зураг шүү дээ. Г.Хонгор төлөөлөгч бид хоёр Сонгуулийн ерөнхий хороо руу албан тоот илгээж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан хуудас өгдөг байсан асуудлыг болиулсан. Энэ нь бараг бэлэн мөнгөний баримт болж хувирсан шүү дээ. Цагаан хуудсаар үнэгүй кофе, цай ууна. Сүүлдээ 40, 50 мянган төгрөг хүрч байсныг болиулсан. Мөн дүүрэгтээ санхүүжилт нь зогссон байсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийг ашиглалтад оруулсан гэх мэт ажлууд бий.

-Өмнө нь та Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд хийдэд ном уншуулсан талаарх мэдээлэл дуулиан дэгдээж байлаа. Хэтэрхий их нээлттэй байх нь өөрт чинь төвөгтэй санагддаг уу?

-Би 2017, 2018, 2019 онд ч хийд орж, ном уншуулсан. Монголчууд сар шинийн баярыг дараа бүгд засал ном хийлгэдэг шүү дээ. Би өвөө, эмээ дээрээ  өссөн. Бурхны шашинтай. Яагаад заавал зургадугаар сарын 1 болохоор чихэр, чипс, ундаа савлаад өгөх ёстой юм бэ. Яагаад хүүхдүүдэд зориулаад хийдэд ном уншуулж болдоггүй юм бэ. Энэ утгаар л уншуулдаг. Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдөр бичүүлдэг. Зургадугаар сарын 1-ний өдөр уншдаг. Олон нийт үүнийг хараад пүү, паа л гэдэг. Үнэндээ бол бүгд хийд орж, ном уншуулдаг. Үүнээс ичээд байх шаардлагагүй. Тэр бүү хэл, үсээ засуулахдаа хүртэл зурхай хардаг биз дээ.

-Танд зориулаад элдэв янзын пост,  сэтгэгдэл үлдээдэг. Харин та эмзэглэдэг үү?

-Би эмзэглэдэггүй. Зарим нь намайг муулж таашаал авч байна. Нийгэмд бухимдсан маш олон иргэд байгаа. Тэр хүмүүс над руу бухимдлаа гаргаж, тэнэг, мангараар минь дуудаж, хэлж байна. Ингэж хэлээд сэтгэлийн таашаал авдаг бол яахав дээ. Үүний төлөө баярлаж байвал болоо доо. Намайг гутааж, муулахын тулд жиргээнд ордог ч хүн бий.

-2020 онд дүүргийн ИТХ-д дэвших үү. Аль эсвэл нийслэлд өрсөлдөх юм уу?

-Намаас шийдвэрлэнэ. Намаас итгэл хүлээлгээд дэвшүүлэх юм уу, эсвэл энэ удаад өрсөлдөөд хэрэггүй гэх юм уу хэлж мэдэхгүй байна.