ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх даваа гарагаас олгож эхэлнэ

O.Admin
2020-02-05

Долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдаж байсан Засгийн газрын хуралдаан УИХ-ын чуулган завсарласантай холбогдуулан мягмар гарагт ээлжит хуралдаанаа хийв. Хуралдаанаар нийтдээ 20 гаруй асуудал хэлэлцжээ. Тухайлбал, АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болсон аж. Чикаго хот орчимд 8000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурч байгаа. Ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир монголчууд ихээр суурьшдаг хэмээн салбар яамнаас санал оруулжээ.  

Тиймээс энэхүү асуудлыг эргэж ярилцах, УИХ-тай зөвшилцөх нь зөв гэж үзсэн аж. Мөн энэ өдрийн хуралдаанаар МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, 200 мянган төгрөг болгосныг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдлээ. С.Чинзориг сайд хэлэхдээ “Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно” гэлээ. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа гэв. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн билээ. Мөн энэ өдөр НӨАТ-ыг буцаан олгох асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон яамны бусад албан тушаалтнууд мэдээлэл өгөв. Сангийн сайд энэ талаар ярихдаа  "Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд хоёр хувийг буцаан олгох шийдвэр гарч байна. Нийтдээ 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна.

Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад буцаан олголтын хэмжээ 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нийтдээ 912.000 иргэн буцаан олголт авч байгаа. Өнгөрсөн жил 796.000 иргэн авч байсан бол энэ жил 115.000-аар нэмэгдсэн. Буцаан олголтыг даваа гарагт буюу хоёрдугаар сарын 10-наас олгож эхэлнэ” гэлээ. Татварын багц хуультай холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, 2020 оны эхний улирлын буцаан олголтын мөнгө нь дөрөвдүгээр сард иргэдийн дансанд орох бол долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголт хуваарь ёсоор ороод явах аж. Мөн 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээ зөрчилтэй байна гэж үзээд хянаж байгаа аж. Цахим систем нь эрсдэл үүсэхэд хүнээс үл хамаараад эрсдлийн мэдээллийг өгдөг бөгөөд үүнийг хянан засч залруулдаг гэлээ. Хууль хэрэгжих хугацаанд зарим зөрчил илэрчээ. Тухайлбал, зочид буудлын ажилтан иргэдэд олгох ёстой НӨАТ-ыг их дүнгээр буюу 80-аад сая төгрөгийг өөр дээрээ бүртгүүлж авсан байжээ.  Автомашин борлуулсан иргэн НӨАТ-гүй зарчихаад хил гааль дээр төлсөн НӨАТ-ыг буцаан авах зэрэг зөрчлүүд байсан тул хяналт шалгалт хийж, арилгах чиглэлээр ажилласан гэдгийг Сангийн сайд онцоллоо. 2019 онд улсын төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Мөн хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим төлбөрийн баримтын систем ашиглахгүй байгаа аж ахуй эрхлэгчдийг системд хам­руулах чиглэлээр татварын албанаас явуулж байгаа ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байна.

Б.Эрхэс