ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээн шалгана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-05

 -Чуулганы завсарлагаанаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг томилно- 

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын тайлангаа танилцуулав. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар намрын чуулганы хугацаанд баталсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай, Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт тэргүүтэй  хуулиудын онцлох заалт, оруулсан өөрчлөлтийн талаар мэдээлсэн юм. Тэрбээр,  “Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах тогтолцоог Парисийн зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод нээлттэй зохион байгуулах алхмыг Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар хийж чадсан. Удахгүй Хууль зүйн байнгын хороо хуралдаж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг сонгон шалгаруулах шинэ журмыг батална. Баталсан шинэ журмын дагуу чуулганы завсарлагаанаар Хүний эрхийн үндэсний комиссын таван гишүүнийг олон нийтэд нээлттэй байдлаар сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Энэ сонгон шалгаруулалтыг зөв хийж байж шинэ Үндсэн хуулийн дагуу Үндсэн хуулийн зарим байгууллагуудыг байгуулах сонгон шалгаруулалт зөв хийгдэх юм. Шударга ёсны зарчимд тулгуурлаж сонгон шалгаруулалтыг хийхгүй бол Үндсэн хуулийн дараа дараагийн байгууллагуудад ар, өврийн хаалганы асуудал байсаар л байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ШЕЗ, Шүүгчийн сахилгын хороо болон бусад Үндсэн хуулийн байгууллагуудыг байгуулах алхмыг хийж чадсан. Бие даасан хараат бус байгууллагыг байгуулахдаа олон нийтэд нээлттэй байдлаар сонгон шалгаруулах ёстой юм” гэв.  

 

Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тооцно

Мөн намрын чуулганаар баталсан чухал хуулиудын нэг нь Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар гол гол заалт орсон талаар Х.Нямбаатар гишүүн мэдээлэхдээ, “Олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан зүйл бол хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцаа байсан. Тиймээс энэ асуудлыг боловсронгуй болгож орууллаа. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хугацаанд тоолдог байсан. Энэ нь хугацаа хожиж ял завших асуудлыг бий болгоод байсан юм. Ялангуяа, авлига албан тушаалын хэрэг хэрэгсэхгүй болсон нь олны дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хугацаанд тоолдог аргачлалыг боловсруулж оруулж ирлээ. Үүнтэй уялдан 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг шинээр сэргээн тоолох журмын тухай хуулийг Хууль зүйн байнгын хороо санаачилж, батлуулсан. Энэ долоо хоногт хоригийн хугацаа дуусмагц “Төрийн мэдээ” сэтгүүлд хэвлэгдэнэ. Ингэснээр хууль хүчин төгөлдөр болж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин сэргээж шалгах юм. Мөн Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах, мансууруулах төрлийн бодис хэрэглэх, хадгалах, худалдаалах гэх мэт чухал зохицуулалтуудыг оруулсан” гэдгийг онцоллоо. 

 

Худал мэдээлэл тараасан сэтгүүлчийг эрүүгийн элементээр шүүнэ

Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн маргаан дагуулсан нэг заалт нь буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн сэтгүүлчдэд Эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулах заалт юм.  Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны дарга энэ талаар хэлэхдээ, “Сэтгүүлчдийн эмзэглээд байгаа буруу ташаа мэдээлэл гаргасан тохиолдолд эрүүгийн хэрэг гэж үзэн хариуцлага хүлээлгэх зэрэг заалт байна. Олон нийтэд ил худал мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн одоогоор зөвхөн торгох шийтгэлтэй байгаа юм” хэмээн тайлбарлалаа.

 

Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулна

Харин Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн хамгийн нүдээ олсон заалт нь малын хулгайн ялыг чангаруулсан явдал аж. Энэ талаар хэлэхдээ, “Мал хулгайлсан бол зөвхөн хорих ял оноох бөгөөд өнчин ишиг хулгайлсан ч ял авна. Мөн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх талаар олон өөрчлөлт орсон. Зөрчлийн хуульд мөн маш олон өөрчлөлт орсон. Миний бие хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж оруулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөрөө барагдуулах асуудлыг  нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хүүхдийн тэтгэмжээ төлөөгүйн улмаас олон мянган хүүхдийн эрх зөрчигдөж байгаа. Тиймээс тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийсэн эдгээр аавуудыг баривчлах зохицуулалтыг оруулж ирлээ. Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх чиглэлээр тодорхой өөрчлөлтүүд орж байгаа. Цаашид ч оруулна. Саарал жагсаалтаас гарахын тулд ФАТФ-аас ирүүлсэн шаардлагын дагуу холбогдох хууль, тогтоомжид зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой юм. Харин татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх заалтыг унагааж орхилоо.

Цаашид үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, алт, мөнгөний борлуулалт тушаалтад Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавиад явна. Эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийн худалдааг бүр мөсөн хязгаарлаж байгаа гэсэн үг” гэлээ. Намрын чуулганаар тус байнгын хороо хар тамхи, мансууруулах бодисын талаар нийтийн сонсгол зохион байгуулжээ. Монгол Улс хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцэх зүй ёсны шаардлага байгаа юм байна гэсэн дүгнэлт энэ сонсголоос гарсан аж. Манай улс өнөөдөр мансууруулах төрлийн бодисын донтогчдыг албадан эмчлэх 10 гаруйхан ортой. Тиймээс албадан эмчлэх ажлыг эрчимжүүлэх ёстой” гэлээ. Сүүлийн үед хар тамхины хэрэглээ өмнөх оныхоос нэг дахин өссөн. Хэрэглэгчид маш их залуужиж байна. Хууль хяналтын байгууллага мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдэд ялгавартай ял өгч байна. Энэ бүхнийг цэгцлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Мафийн эхний сэжүүрүүд гарч ирээд байна. Прокурорууд нь хар тамхи тээвэрлэж яваад баригдсан асуудал ч гарсан. Харьцангуй хөнгөн ял шийтгэл авсан учраас энэ хэргээ давтан үйлдсэн байдаг. Энэ схемд оролцсон хууль хяналт­ын байгууллагынхантай тэмцэх шаардлага байгаа юм. Хууль зүйн байнгын хороонд хэд хэдэн хууль хэлэлцэгдэж байгаа. Тухайлбал, Гэр бүлийн тухай хууль. Залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр төрөөс бодлого хэрэгжүүлэх, хүүхдэд зөв хүмүүжил олгоход төрөөс оролцох, гэрлэлтийн гэрээ байгуулах зэрэг олон асуудлыг оруулж байгаа” хэмээн мэдээлэв.