ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Долоон настай “Пикассо”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-02-07

Германы иргэн, долоон настай Микайл Акарыг зурагчид бүчиж, өрөөнд чаг чаг гэх зургийн аппаратны дуу хадна.  Гэсэн ч суут авьяастан хүү огт тоосон шинжгүй зогсох бөгөөд энэ нь өнөөдрийг хүртэлх амьдралынхаа тэн хагасыг олны анхаарлын төвд өнгөрүүлж буйтай нь холбоотой биз ээ. Судалтай эрээн цамц өмсөөд инээмсэглэн зогсох хүү өөртэй нь ижил насны хөвгүүдийн л адил мэргэжлийн хөл­бөмбөгчин болох хүсэлтэй. Гэвч, Кёльн хотод төрсөн Микайл бодит байдалд дэлхийн урлагийн ертөнцөд цахиур хагалж буй суут зураач юм. Германы хэвлэлүүд түүнийг “Бяцхан Пикассо” хэмээн тодорхойлдог бөгөөд түүний зурсан ганц зураг л хэдэн зуун сая еврогийн үнэ хүрдэг ажээ.

Микайлын менежерээр түүний аав нь ажилладаг. Эдүгээ 38 настай Керем Акар “Ассошэйтед пресс” агентлагт “Хүү минь хэдий долоохон настай ч дэлхийн урлагийн ертөнцөд хэдийнэ танигдсан. Германаас гадна, Франц, АНУ-аас ч хүсэлт ирдэг” хэмээн ярьжээ. Керем хүүгийнхээ гоц авьяасыг санамсаргүй олж, илрүүлжээ. Микайлын дөрвөн насныхаа төрсөн өдрөөр нь хамтдаа хөгжилдөх зорилгоор зургийн хэрэгсэл авч бэлэглэснээр авьяасыг нь нээжээ. “Жижиг машинууд, хүүхэлдэй гээд янз бүрийн тоглоомыг өмнө нь худалдаад аваад өгчихсөн байсан болохоор зургийн хэрэгсэл бэлэглэсэн юм. Хамгийн анхны зурсан зураг нь үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ тухайн үед би эхнэрийгээ зурж өгсөн байх гэж бодсон. Гэтэл хоёр дахь, гурав дахь зургаа зурахад нь миний хүү бурхнаас заяасан авьяастай юм байна гэдэг нь тодорхой болсон” хэмээн түүний аав ярьжээ. 

Хүүгийн бүтээл олны хүндлэл бишрэлийг төрүүлж, домогт экспрессионист уран бүтээлч Жексон Поллоктой харьцуулагдах болжээ. Микайл хүү хамгийн сүүлд Германы хөлбөмбөгийн “Бавари Мюнхен” багийн од Мануэль Нойертэй хамтран ажилласан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд зурсан зураг нь ойролцоогоор 13 мянган еврогоор зарагдаж, уг мөнгийг хүү тамирчны удирддаг хүүхдийн төлөөх санд хандивласан байна. 

Хүүгийн инстаграмм 46 мянган дагагчтай. “Тэр хүссэн үедээ л зурдаг. Заримдаа долоо хоногт ганц л удаа. Заримдаа сардаа ч нэг удаа зурах нь бий” хэмээн түүний аав хэвлэлд ярьжээ. Ийм бага насандаа амжилт олсон зураач Микайл ирээдүйд спортоор хичээллэхийг хүсдэг. “Би хөгшрөхөөрөө хөлбөмбөгчин болно. Уран зураг зурахдаа би их ядардаг. Заримдаа их цаг хугацаа зарцуулах шаардлагатай болдог” хэмээн хүү ярьжээ. 

Гэсэн ч, аав нь хүүхдээ дарамт үүсгэхгүйн тулд хүссэн үедээ л зурахыг зөвлөдөг гэнэ. Ингэхийн тулд маш олон хүсэлтээс татгалзах шаардлага гардаг аж. Микайлын дараагийн үзэсгэлэн Кёльн хотод, түүний дараагийнх Парист болох аж.