ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ӨБХ: Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-07

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулганаар хийж, хэрэгжүүлсэн ажлаа өчигдөр тайлагналаа. УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус байнгын хороонд 10 мянга гаруй иргэнээс 818 өргөдөл ирүүлснийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ хугацаанд Өргөдлийн байнгын хороо дөрвөн удаа хуралдахдаа таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газарт байнгын хорооны тэмдэглэлээр гурван удаа үүрэг өгч, дөрвөн удаа албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авсан байна аж. Ирүүлсэн өргөдлүүд дотор эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуулийн орчны асуудлыг хөндсөн 1000 гаруй өргөдөл ирсэн аж. Энэ талаар тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэхдээ “Өргөдлийн байнгын хороонд ерөнхий боловсролын сургуулийн орчин тойрны газар чөлөөлөлтийн асуудал хүнд байгаа тухай гомдол их ирсэн. Тиймээс байнгын хорооноос нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн газрыг чөлөөлж сургуульд нь хүлээлгэж өгсөн. Мөн 85 дугаар сургуулийн дэргэд замын тэмдэглэгээг хууль дүрмийнх нь дагуу хийлгүүлсэн. Үүнээс гадна ЕБС-ийн орчимд зарагдах ёсгүй хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгааг болиулах үүднээс зарагдах ёсгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргалаа. Үүнтэй холбогдуулан хийжүүлсэн ундааг сургуулийн орчинд борлуулахгүй байх хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байна” хэмээн онцолсон юм.

Мөн тус байнгын хороо аюултай хог хаягдал хадгалдаг хуванцар сав, нийлэг уутыг ахуйн хэрэглээнд хэрэглэхийг хязгаарлах чиглэлээр ажиллажээ. Энэ ажлын үр дүнд нийлэг уутны хэрэглээг Засгийн газраас хязгаарласан юм. Түүнчлэн аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсныг М.Оюунчимэг гишүүн тодотгов.

 

Нийслэлд цахилгаан автобус нэвтрүүлнэ

Харин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газарт үүрэг чиглэл өгчээ. Шат шатанд нь анхаарч явсны үр дүн гарч, нийслэлийн сургууль, эмнэлэг, цэцэрлэгт агаар шүүгч байршуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгааг энэ үеэр онцолсон юм. Нийслэлийн хэмжээнд бүх уурын зуухуудад агаарын шүүлтүүр тавих ажил 97 хувьтай хэрэгжиж байгаа аж. Мөн Засгийн газраас 40 мянга гаруй айлыг дөрвөн кВт-ын цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлжээ. Угаар мэдрэгчийг айлуудад суурилуулах ажил 70 орчим хувьтай явж байгаа гэв. Мөн нийслэлд цахилгаан автобус нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байгаа. УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус байнгын хороонд ирүүлсэн хамгийн олон өргөдөл нь Түрээсийн орон сууцтай холбоотой өргөдөл байжээ. Түрээсийн орон сууцыг цаашдаа түрээслээд өмчлөх хэлбэр рүү  хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд  Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт үүрэг чиглэл өгсний үр дүнд “Буянт-Ухаа 2” хорооллын гацаад байсан барилгын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлүүлсэн байна.