ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Корона цаашаа, цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэе

O.Admin
2020-02-07

Сар шинэ дөхөж байна. Нийслэлд их, дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан арга хэмжээ, баар цэнгээний газрууд гэхчлэн хүн олноороо цуглардаг газруудад хөл хорио тогтоов. Хотын гудамж сэлүүхэн, авто зам түгжрэлгүй сайхан байна. Харин Нарантуул мэтийн худалдааны төвүүд бол хөл хөдөлгөөн тасрахгүй шинжтэй. Цагаан сараар аав ээж ах дүүгийнхээ хүрээнд цомхон золголт хийгээрэй гээд өөх ч биш мах ч биш болгоод хаячихлаа. Хөгшид золгож л таараа гээд зөрүүдлэхийн хажуугаар залуус ч бас дагаж намирах шинжтэй. Хувьтай хүн хулгана жилийг үздэг гэж мэдэхгүй л байна даа. Хулгана жил гартал “корона” цаашаа. Золголт хийж, айл хэсч бэлэг цуглуулж, бууз идэж л байвал тэр вирус юу юм бэ. Дөнгөж эхэлсэн дуулианаар гурав хоног маск зүүсэн. Одоо масктай хүн цөөрөөд байна. Тэнгэр заяат хөх толбот монголчуудад тэр вирус нь ирж наалдаж чадахгүй л дээ гэх хүмүүс ч байна. Буруутгах арга алга. 40-өөс дээш насныханд тэр вирус нь аягүй хурдан ирж наалдах магадлалтай юм гэсэн.

Цагаан сар хийх гэж сандралдаад байгаа хүмүүс нь ихэнхдээ 40-өөс дээш насныхан. Коронагаас айж шинэлэхгүй байна гэж юу байдаг юм бэ гэж зөрүүдэлж байна. Хулгана жилээ үзэх гэж л тэр. Хулгана жилээ үзэж, золголтоо хийж хувьтай хүн гэдгээ баталчихвал шинийн хоёрон, гурванд тэр вирусийг тусвал тусна л биз. Үхвэл үхнэ л биз. Хиарвал хиарна л биз. Муу хүний үхэл бямбад гэж, бямба гараг л таарчихгүй бол жинхэнээсээ хувьтай хүн гэдэг нь нотлогдоно. Төр засаг хорио цээр тогтоож, хөл хорионд оруулах гээд байгааг талбай дээр гарч эсэргүүцье. Хулгана жилийг үзчих гээд байгаа хувьтай хэсэг нь сар шинээ өргөн дэлгэр тэмдэглэе гэж талбай дээр гарч жагсах хэрэгтэй. Монголчуудын төрт ёсны хамгийн гол, том баяраа тэр муу “корона”-д ч дээрэлхүүлэхгүй шүү. Монголд сэжигтэй тохиолдол байгаа л гэсэн, шинжилж байгаа л гэсэн. Хариу нь гартал хэд хоногийн зай байна. Шинжилгээний хариу нь яаж ч гарч мэднэ. Гарахаас нь өмнө гялс цагаан сараа хийчихье.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг хүлээх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Засгийн газар, Онцгой комисс цагаан сарыг тэмдэглэхгүй, хөл хорио тогтоолоо гэж зарлахгүй байгаа юм чинь золгоод, үнсэлдээд, айлаа хэсээд, буузаа идээд, бэлгээ аваад явдгаараа явъя. За байз, сүүлийн хоёр гурван жил очиж золгоогүй айл нэлээд хэд бий. Энэ жилийн сар шинийн баярын үеийн амралтын хоног олныг ч хэлэх үү, сургууль цэцэрлэг амарсныг ч хэлэх үү, хэд хоног сайхан “гулиална” аа. Ороогүй очоогүй золгоогүй айлуудаараа гэрийнхнээ дагуулаад “гарч өгнө” өө. Айл л хэсч байвал муу “корона” цаашаа. Тустал хаа ч байсан юм, туслаа гэхэд үхтэл ч хаа байсан юм. Түй түй. Айл хэссэн шигээ таваргаж явтал харин цагдаа бариад авчихгүй байгаа. Хөл хорионд суулгачихгүй байгаа. 

А.Од