ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ-ын даргыг огцрохыг шаардаж эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-11

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын даргыг огцрохыг шаардаж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тордруулбал, Дэлхийн 25 оронд тархсан коронавирусийн халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадаагүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий дарга Тедрос Аданом Гебреисусыг огцрохыг шаардсан баримт бичигт 350 мянган хүн гарын үсэг зурсан байна. ДЭМБ-ын даргыг огцрохыг шаардсан өргөдөл анх нэгдүгээр сарын 31-нд тавигдсан ч анхандаа төдийлөн олон хүнд хүрээгүй байжээ. Гэхдээ коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 1011-д хүрч, 42 мянга гаруй хүн халдварласнаар Тедрос Аданом Гебреисусыг огцрохыг шаардах хүмүүс огцом нэмэгдсэн байна.

Уханьд коронавирусийн халдвар гарсныг Хятадын засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлд зарласан байхад ДЭМБ-ын дарга онц байдал зарлалгүй өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нийг хүртэл эргэлзсэн юм. Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд албаныхан Хятадад гарсан уушгины үрэвсэл үүсгэгч халдвараас сэргийлэхийн тулд олон улсад эрүүл мэндийн онц байдал зарлахыг шаардсан боловч Тедрос Аданом Гебреисус татгалзсан аж. Тухайн үед хэдийн халдвар авсан хүний тоо 10 дахин нэмэгдээд байжээ.

ДЭМБ-аас энэ долоо хоногт Хятад руу олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн багийг илгээхээ Тедрос Аданом Гебреисус мэдэгдсэн юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Хятадын дарга Ши Жиньпинтэй ярилцаж, тохиролцсоноор олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг багийг илгээхээр болжээ.