ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхуяг: Бид эрсдэлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас цөөн асуултад хариулт авлаа.

-Улсын онцгой комиссоос нүүрсний тээвэрлэлтийг зогсоосон. Тиймээс нүүрсний экспорт буурах уу?
-Ер нь ямар ч үед нүүрсний экспорт багасдаг юм. Тухайлбал, жил бүрийн эхний сард нүүрсний экспорт буурдаг гэж ойлгож болно. Учир нь өмнөх оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хараад БНХАУ-ын талаас дараа жилийнхээ нүүрсний экспортын хэмжээг тогтоодог.  Энэхүү ажил бүтэн сар үргэлжилдэг гэж ойлгож болно. Тэгэхээр нэгдүгээр сар бүхэлдээ хүлээлтийн байдалд байдаг гэсэн  үг. Тиймээс хоёрдугаар сарын дундаас борлуулалт нэмэгддэг. Энэ үед нүүрсний экспорт нэмэгддэг юм.  БНХАУ-аас энэ онд төдий хэмжээний тонн нүүрс авна. Түүнээс төчнөөн хувь нь коксжих нүүрс байна гэх мэт квотыг  тогтоодог. Тиймээс хоёрдугаар сарын 15-наас хойш квот тавигдаад явна.

-Хилийн хоригтой холбоотойгоор энэ жилийн хувьд квотын хувь хэмжээ буурах уу?
-Зайлшгүй нөхцөл байдалтай холбоотойгоор хилийн хориг тавьсан. Монгол хүний эрүүл мэнд, эрдэнэт амийг хамгаалах зорилготойгоор гаргасан шийдвэр учраас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тиймээс энэ сарын 15-наас бид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

-Нүүрсний үнэ цаашид унах магадлалтай гэж тайлбарлаад байгаа. Бүтээгдэхүүний үнийг унагахгүйн тулд ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Манайх хоёр хэлбэрээр нүүрсээ гаргаж байгаа. Тухайлбал, Цагаан хад дээр овоолго хийдэг. Манай гаалийн хяналтын бүсээс бүтээгдэхүүнээ худалдаж авахад мөнгө нь улсын төсөвт ордог. Тиймээс эхний орлого шууд тасалдахгүй явж байгаа. Мөн богинын тээвэр зогсчихоор экспорт давхар зогсоно. Тэгэхээр, Цагаан хадны овоолготой холбоотой орлого давхар багасна гэсэн үг. Нүүрсний үнэ харьцангуй тогтвортой явж байсан. 2019 оны тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл нүүрсний үнэ унасан. Түүнээс хойш харьцангуй гайгүй явж байгаад нэгдүгээр сард коронавирустэй холбоотойгоор нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаад байна.

-Манайд бүтээгдэхүүний үнийн уналтаас сэргийлэх ямар нэгэн төлөвлөгөө гарц гаргалгаа бий юу?
-Бид үнээ тогтвортой барихын тулд  ажиллаж байна. Экспортын бодлоготойгоо уялдуулаад үнийн бодлогыг зөв бариад явж байгаа учраас одоохондоо “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудад орлогын алдагдалтай байдал харьцангуй бага байна. Мэдээж энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.

-Одоогоор хэчнээн тонн нүүрсийг гаргахаар бэлтгээд байна вэ. Улсын төсөвт тусгасан орлогоо бүрдүүлж чадах уу?
-Одоогийн байдлаар 1.1 сая орчим тонн нүүрсийг экспортын журмаар борлуулсан байна. Ойролцоогоор 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нөхцөл байдал гуравдугаар сарын 2-ноос хойш үргэлжилбэл, компанийн ашиг орлого, эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тэр дундаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах гэж үед сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ үүнээс урьдчилан сэргийлэх эрсдэлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Бидэнд нөөц төлөвлөгөө Цагаан хад байна. Цагаан хаданд агуулгын талбайн нөөц байгаа. Худалдан авагч талтайгаа зөв зохицож чадвал үргэлжлүүлээд явах бүрэн боломжтой. Манай худалдан авагчийн 80-90 хувь Монгол талдаа үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд бий.

-Эрсдэлийн төлөвлөгөө танилцуулж болох уу?
-Монгол Улс найдвартай болон тогтвортой худалдан авагч олонтой. Тэгэхээр 2022 он хүртэл нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой байна. Гэхдээ үнийн уналт бүх шатандаа үргэлжилнэ. Тиймээс томоохон худалдан авагч болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг хийлгэх чиглэлийг барьж ажиллаж байна. Нөгөөтээгүүр, манайд жижиглэнгийн худалдаа гэдэг зүйл харьцангуй гайгүй болчихсон. Өмнө нь 100, 200 мянган тонноор нь өгдөг байсан бол одоо нэг, хоёр, гурван сая тонн руу орсон. Тиймээс  худалдан авагч талын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хэвийн байгаа учраас нөлөөлөл нь бага гэж үзсэн.

-Хилийн боомтуудыг хаасан. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-Богинын тээврийг зогсоосон. Харин уртын тээвэрлэлт явж байгаа. Гэхдээ харьцангуй цөөрсөн. Цөөлөхөөс өөр аргагүй байсан. Баталгаатай найдвартай томоохон худалдан авч нараа үлдээсэн. Эрсдэл даах чадваргүй худалдан авагч нараа зогсоосон. Нийт компаниудын 60 хувь нь уртын тээвэр, 40 хувь нь богинын тээвэрлэлт хийдэг байсан. Тэгэхээр тодорхой хэмжээний сул зогсолт байна. Гэхдээ бид сул зогсолтгүй байхаар зохицуулалт хийж байгаа.