ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоо хаалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-13

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын хилийг хаах шийдвэрийг гаргалаа. 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн улс орон даяар тодорхойгүй хугацаагаар бэлэн байдалд хэсэгчлэн шилжлээ.

Маргаашнаас /2020-02-14/ БНХАУ руу явах, ирэх онгоц болон вагоны хөдөлгөөний зорчигч тээврийг бүрэн зогсоох аж. Өнгөрсөн хугацаанд 6000 монгол иргэн эх орондоо иржээ. Хятадад байгаа үлдсэн иргэдээ чартер /тусгай захиалгат/ нислэг гаргаж өөрсдийнх нь зардлаар авна. Ирсэн даруйд хотоос зайтай газар тусгаарлана гэсэн юм. 

Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн "Монгол-Хятадын хилийн төмөр замын авто боомт, Буянт-Ухаа, Гашуунсухайт боомтын хилээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан. 2020 оны хоёрдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хятад иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Хоёрдугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд Хятад улсад байгаа Монгол Улсын иргэдээ татаж авсан. Үүнээс хойш хилийн хөдөлгөөн бүрэн зогссон" гэлээ.

Өнөөдөр БНХАУ-аас ирэх, явах сүүлчийн нислэг үйлдэгдэх аж. Үүнээс хойшхи нислэгийг Засгийн газрын зөвшөөрлөөр тусгай нислэг үйлдэнэ гэлээ. 

Мөн хятад иргэд бөөнөөрөө Монголд орж ирсэн гэх мэдээлэл гарсан нь худал бөгөөд 2020 оны хоёрдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хятад иргэдийг манай улс нэвтрүүлээгүй ажээ. Зөвхөн Замын-Үүд боомт дээр төмөр замын ачаа буулгах тээвэрлэх хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна.