ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Вирусийн халдвар тархсан ч, сарьсан багваахайг худалдсаар байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-02-14

БНХАУ-ын Ухань хотын “Хуанань” далайн бүтээгдэхүүний хүнсний захаас хамгийн анх илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий дахинаа тархаж, аль хэдийнэ мянга мянган хүн уг халдварын улмаас амь насаа алдсан билээ. Вирусийн уг гарвалыг одоогоор эрдэмтэд хараахан эцэслэн тогтоогоогүй ч, сарьсан багваахайнаас хүнд халдварлаж, улмаар хүнээс хүнд халдварласан байж болзошгүй хэмээн таамаглаж буй. 

Хэдийгээр эрдэмтэд эл дүгнэлтийг хийж буй хэдий ч, зарим газруудад сарьсан багваахайг хүнсэнд худалдсаар байна. Индонезийн Сулавеси арлын зүүн хойд этгээдэд орших Томохон гэх зэрлэг амьтан худалдаалдаг захад эдүгээ ч сарьсан багваахай худалдаж буй аж. Хэдийгээр шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан сарьсан багваахай худалдахыг хориглосон ч, уг хоригийг эс тоон тус амьтан хийгээд, могой, хулгана зэрэг амьтныг худалдан борлуулсаар байгааг Ассошэйтед пресс агентлаг онцлон мэдээллээ. Худалдаа эрхлэгчдийн ярьснаар тэдний бизнес дампуурах бус харин ч эсрэгээрээ борлуулалт сайтай байгаа гэнэ. 

Томохон захад сарьсанбагваахай худалдах 45 настай нэгэн эрэгтэй сэтгүүлчдэд “Орон нутгийн нэрийн хоолонд хэрэглэгддэг сарьсан багваахай нэг кг нь хамгийн ихтэй 60000 рупиагаар /монгол мөнгөөр 12 мянга орчим төгрөг/ худалдаалагддаг бөгөөд өдөртөө 40-60 кг-ыг худалдаж байна. Шинэ вирусийн халдварлал борлуулалтад нөлөөлөөгүй, үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй байгаа” хэмээн ярисан байна. Индонезид одоогоор коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Үүнээс гадна тус улсын нийслэл Жакарта хотод ч могойн мах, сарьсан багваахайн цусыг худалдах иргэд ч байх бөгөөд наймаа нь хэвийн үргэлжилж байгаа аж. Нэгэн худалдан авагч “Могойн мах хүний биед сайн. Ямар ч өвчнийг анагаах чадалтайгаас гадна, урьдчилан сэргийлэх ач тустай” хэмээн ярьж байжээ. 

Жимсний сарьсан багваахай Ази, Африкт хүнсний нэгэн орц болсоор иржээ. Том ресторан, хоолны газрууд сарьсан багваахайгаар хоол хийхээс гадна, гэрийн хоолонд ч хэрэглэгдсээр ирсэн байна. Харин зарим газарт тансаг зэрэглэлийн хоолонд тооцогддог аж. Индонезид сарьсан багваахайг хуйхлан шарж гудамжинд худалдаалах тохиолдол байдаг бол шөлтэй хоол ч хийдэг гэнэ. Махны амтных нь тухайд үхрийн махтай төстэй амттай гэх бөгөөд ихэвчлэн халуун ногоогоор амталдаг хэмээн зарим эх сурвалжид бичжээ. 

Коронавирусийн халдвар тархсан БНХАУ-д ч жимсний сарьсан багваахай хоолны соёл, зан заншлын нэгд зүй ёсоор тооцогддог байна. Гэсэн ч, уг амьтнаас хоруу чанар өндөртэй, үхлийн аюулт вирус хүнд халдварладаг нь тодорхой болсон юм. 
Хятадад 2002-2003 онд тархсан амьсгалын замын цочмог халтай хам шинж буюу САРС-ын вирус жимсний сарьсан багваахайнаас хүнд халдварласан нь тодорхой болсон билээ. Тиймээс уг амьтныг хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулж байгаа ч, худалдан борлуулагдсаар байгааг “АП” агентлаг хөндөн сурвалжилжээ. 

2014 онд дэлхий дахиныг айдаст автуулсан Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж өвчин хийгээд Эбола вирусийг ч сарьсан багваахайнаас хүнд халдварласан байх магадлалтай гэдгийг судлаачид хийж байв. Сарьсан багваахайнаас 10 гаруй төрлийн хорт вирус хүнд халдварлах боломжтой бөгөөд галзуу өвчин ч тус амьтнаас халдварлаж болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.