ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СААДГҮЙ БАЙДАЛ, ХҮРТЭЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛНО

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-16

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний холбоо санаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, нийгмийн харилцаанд бие даан оролцоход учирч буй саадыг арилгах болон тэдэнд дэл бүтэц, үйлчилгээний хүртээмжтэй орчныг бий болгох зорилгоор Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулсныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх М.Баясгалан, Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Г.Гэрэл нар өнгөрөгч баасан гарагт хүлээлгэн өгчээ.

Өнгөрсөн оны сүүлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн шаардлагатай байгаа энэхүү хуулийг боловсруулахад дэмжлэг үзүүлээч гэдэг саналыг М.Баясгалан зөвлөхөөр дамжуулан уламжилсан бөгөөд энэ ажилд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг нь яам, агентлагийн зүгээс шийдэж өгсөн юм. Тэд хуулийн төсөл дээр богино хугацаанд шуурхай ажилласан байна.

Япон болон Европын хэд хэдэн улсын ижил төстэй хуулиудыг судалж, одоо мөрдөж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд бүрэн тусаагүй хэмээн үзэж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний саадгүй хүртээмжтэй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууц, нийтийн зориулалтын барилга байгууламж, нийтийн тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, технолог, үйлчилгээний хүртээмж саадгүй байдлыг бүрдүүлэх тухай асуудлыг нарийвчлан оруулжээ.
 

Хуулийн төслийн эхний хувилбарыг хүлээж авснаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төсөлд тавигдах шаардлагад нийцүүлэх, боловсронгуй болгох, холбогдох газруудаас санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх зэрэг ажлыг хийх шаардлагатай. Энэхүү үүргийг гүйцэтгэх Ажлын хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаан ирэх долоо хоногт байгуулж хуулийн төсөл дээр ажиллуулах бөгөөд ирэх гуравдугаар сард багтаан Засгийн газарт оруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхийн төлөө аль аль талаас идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.