ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Урвагч “ЭС”-үүд

А.ОДСҮРЭН
2020-02-17

Уг нь хоёр өөр хүний тухай бичих гээд байдаг. Яаж ч бодсон нэг л хүний тухай яриа болчихоод байдаг. Эвгүй гэдэг нь. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр өндөр нам, өргөн бүдүүнээрээ ялгаатай ч ашиг сонирхол, авах идэхийн хүслэн, эх орноосоо урвах үзэл нь нэг ажээ.

Хоёр эр хоёулаа авлига, хээл хахууль, улс эх орныхоо эсрэг үйлдэл хийсэн хэргээрээ Монголын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаад гадаадад “оргон зайлсан” хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байна. Энэ хоёр 1990-ээд оноос хойш дотно нөхөрлөсөн, сайнаар яривал нэг нутаг ус, нэг голын хөвгүүд, саараар яривал нэг нэгнээ улстөрд балиашиглаж явсан халаас нэгтнүүд.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд найр тавин худалдсан нь улсаасаа урвасан гэж үзэх хангалттай үндэслэл болно. Далайн чанадад орогнож, Австрийн хуулийн фирмээс өмгөөлөл хүсч, Америкаас иргэншил хүсээд сууж байгаа Ч.Сайханбилэгийг эх оронч гэхэд итгэх хүн гарахгүй л болов уу. “Та эх орондоо хайртай юу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Та яагаад ийм юм асуугаад байгаа юм” гээд амьсгаа нь дээрдээд байсныг нь бодсон ч, Монгол Улсын эрх ашигт нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайд байхдаа гаргаж байсныг нь бодсон ч тэр яалт ч үгүй урвагч ажээ. Дубайн гэрээний луйвраа хийж, сонгуулийн өмнөх өдөр Монгол Улс Эрдэнэтээ 100 хувь авчихлаа гэж мэдэгдэл хийж, УИХ-аас давсан эрх мэдэлтэн болсныхоо горыг тэр амсах л ёстой. Ц.Элбэгдоржийн нэр холбогдсон хэрэг бүхэнд Ч.Сайханбилэгийн нэр хадаатай яваа шиг Ч.Сайханбилэгийн хэрэгт Ц.Элбэгдоржийн нэр ч шошго шиг зүүлттэй яваа. 
 

“Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар, АСЕМ-ын үеийн хулгай луйвар, Дубайн гэрээ, Н.Алтанхуягийн Засгийн газраар туг тахисан явдал гээд улсын том хэргүүдэд энэ хоёрын нэр ихэр юм шиг хамт явж, нэгийг нь нөгөөгөөс нь ялгаж салгахын аргагүй болтлоо “хөгжөөд” байна. Н.Алтанхуягийн өөрийнх нь ярьснаар “Эрдэнэт”-ийн ашгаас хувь хүртээхгүй гэснийх нь төлөө Ц.Элбэгдорж түүний Засгийн газрыг огцруулсан гэдэг. Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн дараагийн Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлж, замаа зассан нь юутай ч үнэн. Тэр 2015 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга удирдлагуудтай уулзах уулзалтад “Ерөнхий сайд ажлаа гартаа авах хэрэгтэй. Санаачилгаа гартаа авах хэрэгтэй. Засгийн газрын асуудлыг Ерөнхий сайд л шийднэ” хэмээн Ч.Сайханбилэгт УИХ-аас давсан эрх мэдлээ хэрэгжүүлж, шийдвэр гаргах зам мөрийг нь засч өгсөн. 

Ц.Элбэгдорж 2004 онд дахин Ерөнхий сайд, 2009 онд Ерөнхийлөгч, 2013 онд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр томилогдохдоо зөвхөн энэ л тааламжтай цагийг хүлээж байсан мэтээр Ч.Сайханбилэгийг удирдаж байв. Ардчилсан нам засгийн эрхэнд гарсан байсныг ч хэлэх үү, Н.Алтанхуягийг амжилттай зайлуулсныг ч хэлэх үү, “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардах  махинациа хэрэгжүүлсэн. 2016 оны намар Ц.Элбэгдорж УИХ-ын индэр дээрээс “Нэгэн цагт тарган саалийн үнээ байсан “Эрдэнэт” үйлдвэр одоо эмчилгээ тэжээлийн цэгт осон хөгшин үнээ болсон. Хугацаанаасаа есөн жил илүү ажилласан энэ үйлдвэрийг хаах тухай ярих цаг болсон” гэж байлаа. Гэтэл тус үйлдвэр дахиад 40-50 жил ажиллах бүрэн боломжтой нь тогтоогдсоныг та санаж буй байх. 

“Эрдэнэт”-ийг, Оюутолгойг, Монголыг “залгих” махны машинуудын залуурыг атгаж, хэн дуртайгаа залуурдаж, золиосолж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр олон улсад эрэн сурвалжлагдаж байна. Монголын хууль шүүхийнхэн хайж байна, дуудаж байна гэх тоолонд “гутлаа тослоод, зангиагаа засаад очно” гэхийг нь олонтаа сонслоо. Гэвч тэр ирдэггүй ээ. Ирэхгүй л дээ. Ч.Сайханбилэг Америкаас орогнол хүсч эх орондоо хайргүйгээ илэрхийлсний адил Ц.Элбэгдорж ч далайн чанадаас цахим хуудсандаа томорсоор. Хэрэв эх орноосоо урваагүй юм бол, үндэстнийхээ эрх ашгаас зугатаагүй юм бол, буруу зүйл хийгээгүй л юм бол ирээд л шалгуулчих.  Тэгж чадахгүй бол урвагчид гэхээс өөр үг олдохгүй нь. Эх оронгүй байна гэдэг хэчнээн гутамшиг вэ.