ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-18

өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн сайтуудаар сар шинийн баярын өдрүүдэд дрон нисгэж, иргэдийг хянан гэсэн мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл энэ мэдээлэл нь худлаа гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдэгдлээ. 

Тэрбээр, “Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс өндөрлөг цэгүүдээс  дрон нисгэдэг. Цагаан сараар айл хэсэж буй иргэдийг дроноор хянана гэдэг мэдээлэл худал гэдгийг албан ёсоор хэлье.

Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжид нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай бие зассан 169 зөрчил, нус шүлсээ хаясан 85 зөрчлийг бүртгээд байна.  Зөрчил гаргасан иргэдийг ойролцоох гудамж талбай дахь аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камераар илрүүлж байгаа” хэмээв. Гэхдээ энэ хугацаанд нийслэл хотоос гарах болох, нийслэл хот руу орох хөдөлгөөнийг хязгаарлах асуудал яригдаж байгаа гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Тиймээс иргэд гэр, гэртээ шинэлж, гадуур золголт хийж явахгүй байхыг санууллаа.