ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Робингүүд”

А.ОДСҮРЭН
2020-02-19

XIV зууны үед газрын эзэд болон албан тушаалтнуудыг дээрэмдэн, олсон зүйлсээ ядууст тараадаг Английн домогт босуулыг Робингүүд гэдэг. Монголоор бол Торой Банди, Цахиур Төмөр хавьцаа л эр байсан бололтой юм билээ. Тэгвэл өнөөдөр Монголд улс төрийн Робингүүдүүд олон олноороо төрөн гарах боллоо. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт улс төрийн Робингүүд гэдгээ өчигдөр төгс утгаар нь илэрхийллээ. Сүүлийн 15 жил Ц.Нямдоржтой “алалцсан” тэрбээр УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарын нэрийг дурдаж байгаад одоо жинхнээсээ “үзэлцье” гэв. Бүр уйлж байгаад хэллээ.

Найдлага тасарсан улстөрчийн нулимс гэхээсээ илүү аргаа барсан эр хүний үйлдэл гэж харагдав. Х.Бат-Ялалт гэж хэн бэ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хуульч, судлаачийнхаа хувиар хуулийн голдуу хүмүүстэй аман зарга үүсгэж, өөрөө ч шүүхийн хаалга татаж, байцаагдаж, шалгагдаж явсан. Гэсэн ч хаширдаггүй нөхөр. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг, мөн Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжинг мэтгэлцээнд хэдэнтээ дуудсан ч тэд тоох нь үгүй. Өөгүй хүн гэж байдаггүй. Х.Бат-Ялалтыг өөлж, гоочлох хүн цөөн биш ч муулах, муучлах нь түүнээс дутахгүй олон. Харин өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, “Би үнэндээ аргаа барж байна. Ийм баян эх оронд биднийг ингэж амьдруулж байгаад нь гомдож байна” гэж уйллаа.

“Энэ хүнд яг юу тохиолдоо вэ” гэж эхлээд айлаа. Дараа нь гайхлаа. Нулимсаар асуудлыг шийддэг эрчүүд ямар олон болоо вэ. Нам байгуулахгүй гэж мэдэгдэж байсан Х.Бат-Ялалт “Хүний төлөө” нам байгуулж, дарга нь болсон. Мөн 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж ярилцлага өгч байсан. Сонгууль дөхсөн энэ үед олон нийтийн өмнө цурхирч мөнгөтэй улстөрчидтэй нэгийгээ үзнэ гэхэд нь итгэх хүн хэр олон бол. УИХ-ын гишүүдийн өрөөндөө архидаж буй бичлэгийг нэг нь бичиж, Х.Бат-Ялалт нар тараасныг ч бас мартаагүй. Бичлэгийг олон нийтэд цацахгүй байх тохироо хийж, 50 сая төгрөг халаасалсан гэх дуулиан тэгсхийгээд намжсан. 
Үе үеийн Хуульзүйн сайдуудтай өстэй Х.Бат-Ялалтын тэмцэл хэзээ үр дүнд хүрэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Нулимсаа үзүүллээ гээд Нямдорж сайд түүнийг “эвийлэх” нь юу л бол. Улстөржсөн Робингүүд л гэж харагдаад байна даа. Яая даа байз, энэ хүнийг.