ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сурагчдын зуны амралтад өөрчлөлт орохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-19

Засгийн газрын хуралдаанаар хорио цээрийн хугацааг сунгаж гуравдугаар сарын 30-нд хичээл орохоор болсон. Энэхүү шийдвэртэй  холбоотойгоор боловсролын салбарт ямар зохицуулалт хийх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.Тэрбээр "Ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,355 минутын 40 хичээлийг орон даяар 170 багш бэлтгэн хүргэсээр байгаа. Эдгээр хичээлийг бэлтгэн хүргэхэд телевизийн 350 гаруй ажилтны хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг тодотгох ёстой. Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлохгүй. Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд хоёр сарын хугацаанд Даваагаас Бямба гарагт хичээллүүлнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна. Үлдсэн хоёр долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг "Теле хичээл"-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах нэг  долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. Цагаан сарын буюу хоёрдугаар сарын 24-28-ны долоон  хоногт Иргэний ёс зүйн боловсрол хичээлд суурилан сурагчдад Монгол үндэсний өв соёлын агуулга бүхий Теле хичээлүүдийг заахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 1-ний өдрөөс, VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна.  Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна" гэж мэдэгдлээ.