ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Задарсан” аварга

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-25

УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын цолыг хураах цаг нь болжээ. Түүнд сонгогч олноо, монгол түмнээ, үндэсний ёс жаягаа дээдлэх ухаан өчүүхэн ч алга. Олон түмний сэтгэлийн хандиваар боссон Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан зөрчил, тэмцэл хэрээс хэтэрч, багахан хэмжээний иргэний дайн үүсэх хүртэл нөхцөл байдал үүсээд  байна. Энэхүү зөрчилдөөнийг даган үндэсний өв уламжлал, ёс заншлаа гээсэн бусармаг үйлдэл  удаа дараа гарч, бүр  хэрээс хэтэрч байна. Монгол бөх бол үндэсний их өв соёл, түүхэн уламжлал, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн  их спорт. 

Өнө эртнээс улбаатайн дээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Төрийн их баяр наадмын цөм болдог бахархлын спортуудын  нэг. Нөгөөтэйгүүр, эв нэгдлийн их тулгуур билээ. Гэтэл эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхол, нэр төр, алдар хүнд хайж, удахгүй болох Үндэсний их баяр наадмаа хийж чадахгүйд хүрэх нь. Бөхчүүдийн хоорондын зөрчилдөөн, хэрээс хэтэрсэн үйлдлийг нь хараад  монгол түмэн, наадамчин олон ч үймэрч байна.

А.Сүхбат гишүүнээс өөр хүн энэ холбоог удирдаж болохгүй аятай авирлаж байгаа даварсан үйлдэлд нь цэг тавьж, цолыг нь хурааж, зөрчилдөөнийг эцэс болгохыг хүсч байна. Түмэн олныхоо хайр, хүндлэлийг даахгүй, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил нь дийлдэхгүй задарсан аварга, жудаггүй бөхөд хариуцлага тооцож, талцлыг үүгээр дуусгах хэрэгтэй. Өгч болсон цолыг хурааж бас болдог гэдгийг задарсан аваргад харуулах цаг нь болжээ.