ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Том толгойт

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-20

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар  ажиллаж байсан залуухан эмэгтэй учир битүүлгээр амиа алдсан тухай зүрх шимширмээр мэдээлэл олон хүнийг эмзэглүүллээ. Тус хэргийн талаар мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ авч, үнэн мөнийг тогтоохоор шуурхай ажиллаж байгаа аж. Хамгийн харамсалтай нь аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж хөл хорио тогтоосон үед ажлынхаа албан өрөөнд шинэхэн албан тушаалд томилогдсон нэгнийхээ баярыг тэмдэглэн, архи уусан гэдэг мэдээлэл байгаа билээ. Талийгаач бүсгүйг шөнө дөлөөр дуудаж, баярын үйл ажиллагаанд оролцохыг урьсан гэдэг мэдээлэл ч бас бий.

Нөгөөтээгүүр, талийгаач бүсгүйг ажлаа өг хэмээн дарамталж, сахилгын шийтгэл ногдуулсан албан бичгийг илгээж байсан зэрэг элдэв янзын мэдээ, мэдээлэл баримтууд дэлгэгдэж байна. Гэвч үхлийн шалтгаан болон хэргийн буруутныг зөвхөн хууль хяналтын байгууллага тогтооно. Гэхдээ залуу үеэ дэмждэггүй, тэдэнд боломж олгодоггүй, эрх мэдэл албан тушаалаараа биенээ айлгаж, дарамталдаг байдал яагаад Говь-Алтай аймгаас салдаггүй юм бэ. Тэгж их улстөрждөггүй, хөгжилд тэмүүлсэн бодлоготой  юм бол яагаад бүхэл бүтэн аймаг  өрсөлдөх чадвараар доогуур эрэмбэлэгддэг юм бэ. Энэ бүхэн чинь ажилгүйдэл, ядуурлыг туйлд нь хүргэж, алслагдсан бүс гэсэн ганцхан шалтгаанаар увайгүй улстөржилтөө далдалж ирснийг гэрчилж байх юм.

Түүнээс гадна улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байхад, албан тушаал, томилгооны баяр хийх нь хэр зохилтой вэ. Хэрвээ В.Рэнцэндорж гэгч энэ ойворгон, сагсуу залуу албан өрөөндөө албан тушаалын баяр тэмдэглээгүй, шөнөөр талийгаач эмэгтэйг дуудаагүй бол залуухан гэр бүл өнөөдөр элэг бүтэн дүүрэн амьдралдаа жаргаж байх байлаа. Төр, засгийн шийдвэрээс давсан том толгойтын үйлдэл залуухан гэр бүлд насан туршийн гуниг, харуусал үлдээлээ. Түүнчлэн Говь-Алтай аймгийн улс төрийн маргаан эртнээс эхлэлтэй бөгөөд МАН доторх томоохон албан тушаалтнуудын томилгооны төлөөх өрсөлдөөн нэгнийхээ амийг авч одлоо. Тиймээс тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржид яаралтай хариуцлага тооцож, улс төрийн маргаанд цэг тавина уу, Ерөнхий сайд аа.