ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын Дэд дарга Л.Энх-Амгалан нохойн мах идэхийг зөвлөв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-21

УИХ-ын чуулган амарснаас хойш Улсын Их Хурлын гишүүд маань хийх хэлэхээ, байх суух газраа олж ядаж буй бололтой. Ядахад, хөл хорио тогтоочихсон учраас тойргийн иргэдийнхээ толгойг эргүүлэх зав олдохгүй байгаа учраас дэмий уйдахдаа хүний санаанд багтамгүй юм жиргэж, эсвэл сонгогчдынхоо анхаарлыг татаж гэж дэмийрч суудаг болов.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхан “Коронавирус тархаагүй юм бол Цагаан сараа хийе л дээ. Аав, ээж, ах дүү, нутгийн ахан дүүсээрээ золгомоор байна” хэмээн "тэнэгтсэн".

Тэгвэл энэ балайрлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үргэлжлүүлж коронавирусээс сэргийлж, чоно, нохойн мах идэцгээе хэмээн бичжээ. Тэрбээр, “Биологийн тэргүүлэх эрдэмтэн найзтайгаа уулзлаа. Ярианы сэдэв мэдээж коронавирус. Чоно болон нохой хэзээ ч ханиад тусдаггүй, тэр тусмаа хатгаа авдаггүй биологийн дархлаатай амьтад. Чоно болон нохойн махаар хар шөл хийж идэхэд дархлааг хэд дахин нэмэх нигуртай гэнэ. Үнэн худлыг бүү мэд” хэмээн жиргэжээ.

Энэ нь соошл орчинд гишүүнд дэмжлэг авчрах гэхээс илүү шүүмжлэл дагуулах нь тэр. 70 сая малтай, ургамлын сор бүхнийг түүж иддэг мал аж ахуйг түшиглэн амьдардаг атлаа арай ч чоно, нохойн мах идэх хүртлээ галзуурсан хүн энэ улсад байхгүй нь мэдээж.

Дээр үед хатгаа туссан хүнд чонын мах өгөх нь сайн, эсвэл нохойн махаар хуушуур хийж тавьдаг гэх мэтээр ам дамжсан яриа явдаг байсан ч анагаах ухаан хөгжсөн энэ цагт эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг сайжирсан цагт арай ч нохойн мах чанаж идэхдээ хүрчихээгүй билээ. Дэлхий дахин анагаах ухаандаа итгэж байхад Монголын топ хэмээн өөрийгөө дөвийлгөдөг эдийн засагч, хуульч гэж өөрийгөө магтдаг улстөрчдийн амнаас нэг иймэрхүү л үг унаж байх аж. Ямар ард түмэн байна, яг тийм төр байна гэдгийг уйдсан улстөрчид ч жинхэнэ утгаар харуулж байна даа.