ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Салхитын мөнгөний ордоос авлига авсан гэх шүүгч нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-21

Салхитын мөнгөний ордыг БНХАУ-ын иргэдэд зуучилж, түүнд ашигтай шийдвэр гаргуулахаар нэр бүхий шүүгчид авлига авсан гэх асуудал 2019 оны онцлох дуулианы нэг байсан билээ.

Энэ хэргээс болж, Гавьяат шүүгч Л.Бямбаа 461 дүгээр ангид хоригдож байхдаа боомилж амиа хорлосон бөгөөд “Миний хүү энэ хэрэгт хамаагүй” хэмээн гэрээслэл үлдээсэн нь олдсон байдаг. Үүний дараа түүний хүү С.Төмөрбат их хэмжээний ам.доллартай АНУ-ын хилээр гарах гэж байгаад тус улсын Хилийн аюулгүй байдлын албаны цагдаа нарт баригдсан билээ. Тэгвэл дээрх шүүгчийг ирэх тавдугаар сард эх оронд нь авчирч, хуулийн байгууллагаар шүүхээр болоод байгаа юм.

Энэ хэрэгт дан ганц ээж хүү хоёр ч бус нийтдээ 17 шүүгчийг хамаатуулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байгаа. Тэгвэл эдгээрээс зургаад нь холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Өнөөдөр 09.00 цагаас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал эхлэх юм байна.

Хуралд шүүгчээр Х.Одбаяр оролцох бол шүүгдэгчээр Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал, шүүгч Н.Мөнгөншагай нарын 15 хүн, өмгөөлөгч нарын хамт оролцох аж.

Эдгээр шүүгчид дундаас Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан өнгөрөгч есдүгээр сард БНСУ-д эмчлүүлэхээр яваад өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй учраас түүний хэргийг тусгаарлажээ.