ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: В.Рэнцэндорж архи ууснаа хүлээсэн учраас ажлаас чөлөөллөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-21

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргаас мэдээлэл авчээ. Ингэснээр Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар үүнээс болж, тус аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа гэх залуухан бүсгүй машиндаа учир битүүлгээр амиа алдсан асуудлыг тодруулж, улмаар Засгийн газрын тогтоол зөрчсөн нь тогтоогдсон учраас түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх тушаалыг өнөөдөр гаргажээ.

Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэхдээ “Засгийн газрын тогтоол зөрчсөн нь тогтоогдсон учраас ажлаас нь чөлөөлсөн. Өөртэй нь холбогдсон, өөрөө ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрлөө. Өнөөдөр захирамж гарлаа. Засаг даргын орлогчид дараагийн Засаг дарга томилогдох хүртэл албан тушаалыг нь хариуцаж ажиллана.

ЦЕГ-ын даргын өгсөн мэдээллээр энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Багадаа хоёр долоо хоногийн дараа хэргийн талаар бодит мэдээлэл өгнө гэсэн. Засгийн газар ёсзүйн хариуцлагыг хүлээлгэлээ. Архидан согтуурсан нь хүн амины хэрэгтэй холбоотой эсэхийг Цагдаагийн газар тогтооно. В.Рэнцэндорж дарга архи согтууруулах ундаа оруулсан. Тийм учраас ёсзүйн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй гэдгийг хэлсэн байгаа” гэлээ.

ЦЕГ-ын зүгээс камерын бичлэгийг нэгбүрчлэн шалгасны үндсэн дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газарт архидан согтуурсан гэдгийг тогтоожээ. Гэхдээ талийгаач бүсгүй юуны учир амиа алдсан, тэндээс гараад асуудал үүссэн үү гэдгийг мөрдөн байцаалтын явцад өгөх аж. Бодит байдлыг тодруулахаар очсон сэтгүүлчийн асуултад тухайн өдөр жижүүрт гарч байсан үүдний жижүүр “Талийгаачийг 22.20 цагийн үед нэг залуу үүрээд, өөр нэг залуу буюу Нарийн бичгийн дарга түшээд Засаг даргын өрөөнөөс гарсныг харсан. Юу болсныг асуухад архи уугаад тасарчихсан гэж хэлсэн” хэмээн мэдэгдсэн билээ.