ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чинзориг: Өөрийгөө  шалгуулахаар АТГ-т хандаж өргөдөл гаргаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-21

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “2012-2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүнийг Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар АТГ шалгаж эхэллээ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий хүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Гэтэл энэ хэрэгт сайд С.Чинзориг холбоотой байтал буруутай хүнийг нь шалгахгүй, буруугүй хүний шалгаж байна гэсэн гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг цацах. Бямбабаатар нэртэй твиттер, фэйсбүүк хаягнаас өчигдөр “С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татахаас татгалзаж, сайд С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ” гэж хувь хүний нэр хүндэд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цацлаа. Хэдийгээр би тухай бүрт нь үнэн зөв мэдээллийг өгч байсан ч зогсохгүй байна. Тиймээс  учраас цэг тавих шаардлагатай гэж үзэн, өөрийгөө би шалгуулахаар АТГ-т хандаж өргөдөл гаргаж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын алба хашсан хугацаанд би Нийгмийн даатгалын сангийн орлогыг эрсдэлд оруулсан, эрх ашгийн сонирхол үүсгэсэн, бусдад давуу байдал олгосон, эрх мэдлээ урвуулан ашигласан  үйлдэл гаргаагүй гэдэгтээ итгэлтэй байна. Хэвлэлээр дамжуулж үнэн бодитой мэдээлэл өгч байгаа ч гүтгэлэг зогсохгүй байна. Хүний нэр төрийг юман чинээ боддоггүй хүмүүстэй маргалдаж сууснаас өөрийгөө шалгуулах нь зүйтэй” гэсэн юм.