ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэгү хотод суралцаж байсан зургаан оюутныг тусгаарлаад байна

O.Admin
2020-02-21

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр долоо хоног бүрийн 11:00 цагаас хийдэг ээлжит мэдээллээ өглөө. “Covid-19” өвчнөөр БНХАУ-ын Ухань хотноо 200 гаруй хүн эдгэж эмнэлгээс гарчээ. Гэвч өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 2129 хүн нас баржээ. Энэ нь долоо хоногийн дунжаар хамгийн их хүн эдгэж гарсан тохиолдол аж. Гэхдээ монголчуудын хамгийн их зорчдог Сингапур, Япон, Солонгос зэрэг улс орнуудад өвчлөлийн тоо нэмэгдсээр байна гэлээ.

Шинэ халдвараар өвчлөгсөд Хятадын эх газарт 75465, Японд 726, Өмнөд Солонгост 156, Сингапурт 81, Тайландад 35, Малайзад 22, Германд 16, Вьетнамд 16, Америкт 15, Австралид 15, Францад 12, Арабын Эмиратад 9, Их Британид 9, Канадад 8, Итали, Энэтхэг, Филиппинд тус бүр 3, Иранд 2, Белги, Финлянд, Испани, Швед, Камбож, Балба, Шри-Ланкад тус бүр 1 бүртгэгдээд байгаа аж. Мөн эдгээр улс орнуудад нийтдээ найман хүн нас барсан нь Хятадын эх газраас гаднах нас барагсдын тоо нэмэгдэж буйг харуулж буй юм.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Ялангуяа сүүлийн нэг хоногийн хугацаанд БНСУ-д халдвар огцом нэмэгдлээ. 24 цагийн дотор 56 тохиолдлоор нэмэгдлээ. Солонгос улсад Сөүл, Тэгү, Чежү зэрэг дөрвөн том хот, зургаан мужид өвчлөл бүртгэгдлээ. Хотын удирдлагууд олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй байх, хоол хүнсээ гүйцэд болгож идэх, ханиаж найтааж байгаа өвчтэй хүнээс хол байх зэрэг зөвлөгөө өгсөн байна. Монгол Улсын 48 мянга гаруй иргэн Солонгос улсад амьдардаг. Тиймээс тэдгээр иргэд улсынхаа болон тус улсын Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг дагаарай” гэлээ. Мөн өвчлөл гарсан улс орнуудад зорчихгүй байхыг дахин сануулсан юм.  

Шинэ вакцин дахиад хоёр сарын дараагаас наашгүйг Хятадын эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлжээ. Туршилт судалгааны ажлууд хийгдсээр байгаа ч вакцин бэлэн болох хугацаа нь 4,5 дугаар сараас наашгүй гэдгийг хэлээд тухайн үед мөн шинэ вакцинаа клиник туршилтад оруулах хугацаа нэмж шаардагдана гэжээ. Тэгвэл Монгол Улсад энэ вирусийн шинэ тохиолдол илрээгүй бөгөөд сэжигтэй гэж үзсэн тохиолдлуудыг тусгаарлах ажил үргэлжилсээр байгаа аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн А.Амбасэлмаа “ХӨСҮТ-д энэ сарын 19-нд тусгаарлагдсан нэг хүн, Завхан аймагт тусгаарласан нэг хүн нийтдээ хоёр хүнээс илрээгүй. Өчигдөр орой Бусан-Улаанбаатар хотын чиглэлээр ирсэн зургаан оюутныг тусгаарлаж, шинжилгээ авсан. Яагаад энэ оюутнуудыг тусгаарласан бэ гэхээр эдгээр оюутнуудын сурч байсан Тэгү хотод байрлах сургуульд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс урьдчилан сэргийлж, тусгаарласан” гэлээ.  Эдгээр оюутнуудаас урьдчилсан байдлаар шинжилгээ авсан, биеийн байдал сайн байна гэлээ.