ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д вирусээр өвчилсөн хүний тоо 346-д хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-22

Халдвар анх гарсан БНХАУ-ын нэг ч иргэнтэй уулзаагүй гэсэн атлаа коронавирусийн халдвар авсан гэх БНСУ-ын 61 настай эмэгтэйн хайхрамжгүй үйлдлээс болж, БНСУ “Covid-19” вирусийг хяналтаасаа алдаад байна.

Тодруулбал, өчигдөр өдрийн байдлаар 202 хүн вирусээр өвчилсөн нь тогтоогдоод байсан бол өнөөдөр энэ тоо 346 болжээ. Мөн эдгээр иргэдийн цаана 17 гаруй мянган хүн халдвар авсан ч нууц үе дээрээ явж байж магадгүй гэж үзэж байгаа юм. Хамгийн ноцтой нь олон улсын терминаль гэгдэх Инчоны буудалд вирусээр өвчилсөн байж магадгүй нэг хүн өчигдөр ухаан алдаж унасан нь дэлхий нийтийг айдаст автуулж байгаа юм.

БНСУ-д өвчилсөн хүмүүсээс хоёрдох хүн нь өчигдөр нас барлаа. 55 настай эрэгтэй өчигдөр Пусаны эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч биеийн байдал нь огцом муудаж, улмаар өчигдөр 18.00 цагийн үед нас барсан аж. Ингэснээр монголчуудын хамгийн их амьдардаг Пусан хотод хоёр дахь тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 57 настай эмэгтэй, 19 настай эрэгтэй гэсэн хоёр тохиолдол бүртгэгджээ.

Мөн Жэжү аралд буудалд ажилладаг 20 настай бүсгүй, 20 настай усан цэргээс тус, тус илрээд байгаа юм. Тэд бүгд энэ сарын 13-18-ны өдрүүдэд Тэгү хотод гэртээ хариад ирсэн бөгөөд халуурах шинж тэмдэг мэдэгдэж эхэлсэн учраас тусгаарлан шинжилгээ авахад вирусээр өвчилсөн нь тогтоодсон аж. Одоогоор бүсгүйн ажилладаг буудлыг хаасан ч томоохон хотуудад вирусийн дэгдэлт эрчимтэй өссөөр байна.