ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс хэвтрийн өвчтэй эмэгтэйд туслажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-22

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 он гарсаар 82 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Иймд гал түймрийн дуудлага, мэдээллийн тоог бууруулах зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилласаар байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах явцад тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг авто ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон н.Наранцэцэгийн гэрт галын аюулгүй байдлын үзлэг хийхэд пийшин зуухны галын аюулгүй байдал хангагдаагүй, гал түймэр гарах өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгааг тогтоожээ.

Энэхүү ѳрхийн тэргүүн н.Наранцэцэг нь 6-12 насны гурван хүүхэдтэй, өөрөө нуруу нугасны хүнд гэмтэлтэй хэвтэрт байдаг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүүхдийн мөнгөөр амьдардаг учир аюулгүй байдлаа хангах боломжгүй байсан тул онцгой байдлын хэлтэс, дүүргийн улаан загалмайн хороо, ТЭЦ 3 ТӨХК-ийн гэрээт галын хэсгийн алба хаагчдын зүгээс сайн үйлсийн аян зохион байгуулж пийшин зуух, цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлыг ханган засвар үйлчилгээ хийж, хоол, хүнс, гурван сарын хэрэгцээний мод, сайжруулсан шахмал түлшээр хангасан бол дүүргийн Улаан загалмайн хорооноос хүүхдүүдэд нь дулаан хувцас, ариун цэврийн хэрэгсэл зэргээр дэмжлэг тусламж үзүүллээ.

Сайн үйлсийн аянд нэгдсэн бүх алба хаагч, албан байгууллагуудад гүнээ талархал илэрхийлье гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.