ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргаашнаас нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-23

Энэ сарын 21-нд хуралдсан Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Тэгвэл, маргаашнаас эхлэн Улаанбаатар хот доторх хөдөлгөөнийг мөн хязгаарлах шийдвэрт хүрч,  нийтийн тээвэр болон такси үйлчилгээг зогсоох чиглэлийг Нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан өгчээ. Мөн хуваарийн дагуу эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчдыг хариуцлагатай байж, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллахыг үүрэг болголоо.

Тэрбээр хэлэхдээ “Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нийслэлийн Шуурхай штабд эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид цаг тутам мэдээлэл өгч байх хэрэгтэй. Хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24-ний өдрөөс /шинийн нэгнээс/ эхэлж нийтийн тээврийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсооно.

Ингэхдээ төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна. Нийтийн тээвэр зогссон өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хяналт тавьж ажиллах ёстой. Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн идэвхи оролцоо чухалд төдийгүй нийслэлчүүд сар шинийн өдрүүдэд аль болох айлаар зочлохгүй гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна амралтын өдрүүдэд сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтэд холбогдох албан тугаалтнууд анхаарч ажиллах ёстой” гэдгийг онцолж хэллээ.

Амралтын өдрүүдэд шахмал түлшний түгээлт нийлүүлэлт болон тээвэрлэлтийг тасалдуулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэхийг нийслэлийн Агаар орчны бохирлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарт үүрэг болголоо.