ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Covid-2019: БНСУ-д нас барагсдын тоо долоо болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-24

БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол өнөөдөр өглөөний 09.00 цагийн байдлаар 763 болж өсчээ. Мөн нэг шөнийн дотор 161 тохиолдол шинээр бүртгэгдэж, одоогоор долоон хүн нас бараад байна.

Солонгосын Тэгү хотоос үүдэлтэй халдварын тархалт Солонгос улсын бүх мужуудад тархжээ. Тиймээс өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар "Онц байдал" зарлаж, эрсдэлийн хамгийн өндөр зэрэг буюу  дөрөвдүгээр зэрэгт шилжсэн гэдгээ мэдэгдсэн юм. Мөн ард иргэддээ аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Ойрын хэдэн өдөр хамгийн шийдвэрлэх үүрэгтэй байна" хэмээн мэдэгдэв. Эрсдэлийн  дөрөвдүгээр зэрэгт шилжсэнээр олон нийтийн бүх арга хэмжээг цуцлах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, цаашлаад нийтийн тээвэр болон агаарын тээврийг бүсчлэн хаах,  шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авдаг аж.

Манай улсын 45 гаруй мянган иргэд тус улсад амьдардаг бөгөөд ойрын өдрүүдэд тус улсаас хэдэн зуугаараа эх орондоо ирсэн билээ. Тиймээс Солонгос улсын нислэгийг цуцлах эсэх асуудлыг өнөөдөр Улсын онцгой комисс хэлэлцэх гэж байна.