ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Загварын шоунд оролцоод ирсэн зургаан монгол, хоёр итали иргэнийг тусгаарлажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-26

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өдөр бүхэн гурван удаа "COVID-19" өвчлөлийн талаар цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэж байгаа билээ. Дэлхийн 30 гаруй улсад бүртгэгдээд байгаа энэхүү вирусээр Монгол Улсад нэг ч иргэн өвдөөгүй ч эрсдэл улам бүр өндөр болсон гэдгийг ДЭМБ-аас сануулжээ.

Өөрөөр хэлбэл, дэлхийн 30 улсуудад нэмэгдэж байгаа нь Монгол Улсад тархах эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж. Тиймээс өвчлөл гарсан улсаас ирж байгаа иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, хяналт тавих ажлыг эрчимжүүлээд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Харамсалтай нь зарим иргэд зориуд санаатайгаар асуумжийг худал бөглөх, үнэн зөв мэдээллээ өгөхгүй байх, маршрутаа дутуу мэдээлэх зэрэг зөрчил гарсаар байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар энэ мэт санаатай үйлдэл гаргасан 20 гаруй зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж эхэлжээ. Мөн худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлсэн хэд хэдэн асуудалд арга хэмжээ авч, олон нийтийн хэрэгслээр уучлалт гуйлгаж, мэдээллээ залруулах арга хэмжээг авсан гэв.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрээгүй. Мөн БНСУ-аас ирсэн иргэдээс ХӨСҮТ-д зургаа, "Асралт мед" эмнэлэгт 37, аймгуудад 10, Улаанбаатарт гэрт нь найман хүн, нийт 61 хүнийг ажиглалтад оруулаад байгаа аж.

Шинжилгээгээр сэжигтэй тохиолдлуудаас бүгдээс нь корона илрээгүй бна. Мөн Италид загварын шоунд оролцоод ирсэн зургаан монгол, Италийн хоёр иргэнийг тусгаарлан шалгаж байна гэлээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг нийт таван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийгдэж байна. Өнөөдөр өглөө Москва Улаанбаатарын онгоцоор Италийн Миланд загварын шоунд оролцоод ирсэн зургаан монгол иргэн, мөн хоёр итали зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан, хяналтад оруулаад байна" гэв.