ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэл завьтай эргүүл ажиллуулж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-25

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Цагдаагийн Ерөнхий газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлаас мэдээлэл өгсөн юм.  Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24606 дуудлага, мэдээлэл хүлээн авсан.     Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1481, архидан согтуурсан 4285 дуудлага мэдээлэл байна. Согтуутай холбоотой дуудлага, мэдээллийн 3272 буюу 86.4 хувь нь зөрчлийн шинжтэй, 667 буюу 13.1 хувь нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн, 23 буюу 0.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллүүд байна.

 Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Хар усан тохойгоос Маршал, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутын дагуу гэмт хэрэг, зөрчил, иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж завьт эргүүл ажиллуулж байна. “Камержуулалт-2” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион явуулж гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд 2530 хяналтын камерыг байршуулаад байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2552 дуудлага мэдээлэл хүлээн авч 753 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 123 бүртгэгдэж байна.  Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны мөн үед нийт 31647 зөрчил илрүүлж байсан бол энэ оны мөн үед 39357 зөрчил илрүүлж 24.4 хувиар өссөн дүнтэй байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 23-25 хэм, шөнөдөө  9-11 хэм дулаан, салхины хурд 7-9 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 116 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 106, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 10 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос нийт 73 иргэнийг авран хамгаалж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 800 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал ирэх 07 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Тус ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 27 зочид буудал, аж ахуй нэгж байгууллагын барилга, байгууламжуудад 06 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулан, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 175 зөрчил илрүүлэн, шалгалтын явцад 27 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллалаа” гэж танилцуулав.