ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сумъяабазар: Тавантолгойн ордоор улс төр битгий хийгээч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-04

БНХАУ-тай хийсэн яриа хэлцлийн үр дүнд нүүрсний экспортыг энэ сарын 15-наас эхэлж, хэвийн явуулахаар болсон билээ. Тэгвэл энэ асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшин сайд өөрөө хариуцаж Дорнод аймагт очиж, газар дээр нь ажиллахаар болжээ. Харин Зам тээврийн сайд Замын-Үүдэд ажиллаж байгаа аж.

Харин Уул уурхайн сайд Д.Сумъяабазар Гашуунсухайтын боомт мөн Шивээхүрэнгийн боомтод ажиллахаар болсон талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Тээвэрлэлтэй холбоотойгоор ариутгал, жолооч нарын эрүүл ахуйг хангуулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн. Нэг удаагийн ариутгалын иж бүрэн хувцас, тээвэрлэлт болон олборлолт хийж байгаа ААН-үүдэд чиглэл өгсний дагуу танилцахын сацуу хил гаалиа цаашид хэрхэх асуудлаар Хятадын талаар ярилцана. Мөн Цагаан хаднаас цаашаа гарах нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг давхар нягталж байгаад Хятадын талтай ярилцана. Юуны түрүүнд аюулгүй байдал хамгийн чухал байна.

Коронавирус бидний төсөөлснөөс ч маш хурдацтай тархаж байгаа. Тиймээс бидний хувьд аюулгүй байдал, эдийн засгаа хослуулах шаардлагатай. Аль нэгийг нь орхигдуулаад өвчин манай улсад нэг л ороод ирвэл жижиг эдийн засагтай улсад хүнд байдал үүснэ” гэлээ. Нүүрсний экспорт тасалдаж буйгаас шалтгаалж улсын төсөв нэг их наядаар тасрах нөхцөл байдал үүссэн ч Сангийн сайд үүнийг зохицуулна хэмээв.

Мөн АН-ын даргын зөвлөх З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой хувьчлагдана” гэсэн мэдээллийг соошл орчинд цацсан. Тэгвэл энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад  "Эрдэнэс Тавантолгой" компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй гаргахыг ҮАБЗ-өөс зөвлөмж байдлаар УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Дараа нь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Томоохон төслийг бид нууж хаасан юм огт байхгүй. Оюутолгойн төсөл зэрэг өмнөх түүхээ давтаж болохгүй. 2020 оны улс төр эхэлж байх шиг байна. Тавантолгойн ордоор битгий улс төр хийгээч ээ. Улсын эрх ашиг аль нэг намын эрх ашгаас илүү шүү.  Улс төрийн эрх ашиг байлаа ч гэсэн тоглоом тоотой нь дээр. Аливаа зүйлд зөв хандах ёстой. Өөрөө анхнаас нь дэмжээд явж байсан атлаа тухайн үед яагаад асуудал тавиагүй юм. Энэ бүхэн асуултын тэмдэг хэвээр байна» хэмээн байр сууриа илэрхийллээ.