ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхэд үймүүлэхэд биш хүчирхийлэлд өртөхөд цагдаа дууддаг хөрш байя

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-05

Бага үд буюу 11.30 цаг болж байх үед хоёр хүүхэддээ тахианы махан ороомог хийж өгөхөөр тахианы гуяа бага зэрэг зөөллөх гэж алхаар цохих хэрэг гарав. Хажуу хананы айлдаа ч дуулдахааргүй тийм зөөлхөн цохисон хэрэг л дээ. Гэтэл доод айлд тэгтлээ мэдэгдсэн үү, учиргүй паар нүдэх чимээ сонсогдох нь тэр. Ингээд л хоолоо ч хийж чадахгүй, хоёр хүүхэддээ харин тахианы махаа чанаж өгөх хэрэг гарсан юмдаг. Энэ тухай соошл орчинд бичихэд яг иймэрхүү хөрштэй айл олон байдаг талаар сэтгэгдэл бичсэн нь эрхгүй гайхаш төрүүлснийг нуух юун. Бүр хоёр хүүхэд нь байнга гүйлддэг гэж цагдаад гомдол гаргаж, цагдаагийн албан хаагчид сар шинийн өдрүүдээр ээжийг нь “Бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэх үндэслэлээр 48 цаг цагдаагийн хэлтэс дээр байлгасан тухай нэгэн ээжийн пост байлаа. Мөн бяцхан хүү нь хажуу айлынхаа хаалгыг тогшсоны төлөө мөн л өөр нэг бүсгүй цагдаа дуудаж, хүүгийн ээж 23.00 цаг өнгөртөл цагдаагийн хэлтэс дээр суусан тухайгаа бичжээ.

Хөхрөлдөж инээх төдийд л амгалан тайван байдал алдагдуулсан гэж өгдөг, хүүхдээ хөлийг нь тушсангүй гэж гомдол гаргадаг гээд олон зуун “муухай” хөршийн тухай пост соошл орчинд хөвөрч байна. Ингэж бичихээр уншигч та гайхаж, “Сүртэй юм бэ. Нэг хүний эрх нийтийн эрх ашгаар хэмжигдэх ёстой” хэмээн бухимдах байх. Үүнтэй санал нэгдэлгүй яахав. Саахалт айлын санаа нэг гэгчээр үдшийн 22.00 цагаас хойш шуугилдаж, дрилл дуугаргаж, хүүхдүүд нь шаагилдаад байвал хэний ч уур хүрэх байх. Гэвч босох цаг хэдийнэ болчихсон, эсвэл өдрийн цагаар гэр орондоо тоглох, шуугих эрхийг хэн ч, хэзээ ч хааж боож болохгүй юм. Тэр дундаа хүүхдийн асуудалд хэн нэгэн нь илүү болж, бусдаас тасарсан амьдралтай мэт харагдах шаардлагагүй санагддаг. Хүүхэд л бол хүүхэд. Гарыг нь гавлаж, хөлийг нь туших аргагүй учраас үймүүлж гүйх нас нь ердөө л 1-2 жилээр л хязгаарлагддаг юм шүү дээ. Хэн бүхэн л үр хүүхэдтэй, инээж наадахыг нь харах аз жаргал байдаг учраас манай хажуу хөршийн, дээд айлын жаалууд яаж ч үсэрч байсан тоохгүй өнгөрдөг юм.

Тусдаа гэрт, эсвэл нэг том хашаанд ганц гэрээрээ дэндүү зожиг амьдарч байсан монголчууд нийлээд нэг байранд орох үедээ “нийтийн эрх ашиг” гэдгийг дандаа буруу утгаар нь ойлгодог гэдгийг харуулах энгийн жишээ энэ байх. Уг нь бид амьдардаг байрныхаа орцыг хамтдаа цэвэрлэчихдэг, орон байрныхаа аюулгүй байдал, цэвэрч байдлын төлөө хамтдаа хичээдэг, хогоо хогийн саванд нь гэдэг дүрмээ ягштал баримталдаг болохсон. Хүүхэд хаалга тогшсоны төлөө биш хөрш айлд нь хүчирхийлэл үйлдэгдэж байвал цагдаа дууддаг болмоор байна. Айлын жаал хаалга тогшиход айж байгаа атлаа хажуу хөршийнд нь хүүхэд хүчирхийлэлд өртөж байсан ч цагдаа дууддаггүй хөрш зөндөө бий. Ерөөс өнөөгийн нийгэмд нэг байранд 30 жил амьдарсан атлаа нэгнээ танихгүй яваа хүн зөндөө байдаг учраас хөршөө таниж, хөршдөө тусалж явцгаая. Хүн хүнээ л барааддаг, түшдэг хорвоо шүү дээ.