ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Батнэмэх: Цахимаар хичээлээ үзэж чадаагүй оюутнууд нөхөх боломжтой

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-03-09

Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, ЕБС, МСҮТ болон их, дээд сургуулийн сургалтыг  энэ  сарын 30-ныг хүртэл түр зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан билээ. Дээрх шийдвэрийн дагуу их, дээд сургуулиуд цахимаар хичээлээ зааж байгаа юм. Энэ талаар БСШУСЯ-ны  Дээд боловсролын сургалтын байгууллагын бүртгэл, орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Г.Батнэмэхээс тодрууллаа. 

-Их,  дээд сургуулиуд  хичээлээ цахимаар  зааж байгаа шүү дээ. БСШУСЯ-наас их, дээд сургуулиудад ямар үүрэг чиглэлийг өгч байгаа вэ?

-БСШУСЯ-наас 2020-2021 оны хичээлийн жилийн ЭЕШ, их, дээд сургууль болон МСҮТ-ийн элсэлтийг ирэх зургадугаар 18-ны өдрөөс  өмнө  зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор сургуулийн төгсөлт, элсэлтийн бэлтгэл ажилд онцгойлон  анхаарч  ажиллах чиглэлийг  өгсөн. Оюутан суралцагчдад сургуулийн цахим хуудсаар дамжуулан covid-19 вирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх өөртөө хариуцлагатай байх талаар анхааруулга, зөвлөгөө, зөвлөмжийг байнга өгч байх үүрэг чиглэлийг мөн давхар  өгсөн байгаа. Оюутнуудад зориулсан лабротарийн хичээл их ордог. Тиймээс их,  дээд сургуулиудад лекцийг цахимаар тасралтгүй чанартай заах, семинар, явцын шалгалтыг хичээл орсны дараа зохион байгуулах,  арга хэмжээ авах чиглэл өгсөн байгаа. 

-Оюутнуудын дунд цахим хичээлийг  үр өгөөж муутай байна гэж шүүмжилсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Цахим сургалтын чанар хангалтгүй байгаа талаар оюутнуудаас гомдол, санал гарч байгааг анхаарч ажиллаж байна. Тиймээс  тухайн багшийг хичээлийн агуулгыг бүрэн, шинэлэг хэлбэрээр чанартай хөтлөн явуулж буй эсэхэд хяналт тавьж байгаа. Мөн  эргэх холбоотой ажиллах чиглэл барьж ажиллаж байна. Оюутнууд цахим хичээлээ өөрсдөө үзэхгүй байна. Цөөхөн хэдэн оюутан цахим хичээлийг үзэж байгаа. Тиймээс оюутнуудад хандан хэлэхэд, төлбөр мөнгөө нэгэнт төлчихсөн учир  идэвхтэй, хариуцлагатай хандахыг уриалж байгаа юм. Их, дээд сургуулиудын хувьд цахимаар орж байсан туршлага байхгүй. Тэгэхээр  багш нар  хичээлээ хэрхэн явуулах аргаа олохгүй байна. Бид их, дээд сургуулиудад очиж багш нарыг цөөн тоогоор нь  цуглуулж цахим хичээл хэрхэн бэлдэх талаар заавар зөвлөгөө өгсөн. Сар гаруйн  хугацаанд багш нар ч мөн давхар дадлагажиж байна. 

-Төгсөх ангийн  оюутнууд хэдэн сард төгсөх вэ. Үүнд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Одоогийн байдлаар хугацаанд нь төгсгөх төлөвлөгөөтэй байгаа.  УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу л ажиллах учраас хичээл сургалт хэзээнээс эхэлж орохоос бүх зүйл шалтгаална. 

-Хөдөө,  орон нутагт амьдарч байгаа цахим хичээл үзэх боломжгүй оюутнууд яах вэ. Хичээлээ нөхөж, үзэх боломж бий юу?

-БСШУСЯ-наас их, дээд сургуулиудад энэ сард хүргүүлсэн чиглэлийн дагуу лекцийг түлхүү орох чиглэл өгсөн. Хичээл орж эхлэхээр цахимаар орсон лекцийг богино хугацаанд шахаж, сэргээж орох төлөвлөгөөтэй байна. Цахимаар хичээлээ үзэж чадаагүй оюутнууд нөхөж үзэх боломжтой.

-Гадаад оюутнууд хил хаасны улмаас хичээлээ үзэж чадахгүй хоцорсон гэдэг мэдээлэл байна.  Хэчнээн оюутан байгаа вэ?

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд их, дээд сургуулиудын оюутны 51 дотуур байранд нийт 279 оюутан амьдарч байгаа. Үүний  227 нь БНХАУ, ӨМӨЗО, Лаос, Австри гэх мэт улсаас   суралцаж байна. Гадаад  оюутнуудын 83 нь МУБИС, 78 нь МУИС, 18 нь АШУҮИС, 23 нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль,  найм нь ХААИС долоо нь ШУТИС,   хоёр нь Дорнод их сургуулийн оюутны дотуур байранд амьдардаг. Дотуур байруудад байгаа оюутнуудад зориулж тодорхой цэгүүдэд гар ариутгагч бодис шингэн байрлуулах, байр, өрөө тасалгаанд нь ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж, физикийн ариутгал буюу кварцын гэрлээр шарж байна. Мөн дотуур байрны багш ажилтнууд хуваарийн дагуу жижүүр хийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, эмч байнга ажиллуулан хяналт тавьж байгаа. Шаардлагатай тохиолдолд үзлэгт хамруулах зэргээр ажиллаж байна.