ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Баатарцогт: 1072 хувьцааг таван сая төгрөгөөр худалдаж авна гэдэг ташаа мэдээлэл

O.Admin
2020-03-10

“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдийнхээ нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гаргасан билээ. Тус ногдол ашиг болох 69480 төгрөгийг иргэд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах аж. Тэгвэл  хувьцаатай холбоотой цаг үеийн асуудлаар "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа. 

-Ногдол ашиг  гэж юуг хэлж байгаа талаар манай уншигчдад эхлээд тайлбарлаж өгөөч? 

-Ногдол ашиг гэдэг нь тухайн компанийн тухайн жилийн ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тарааж буй ашиг буюу нэг төрлийн цалин гэж хэлж болно.  Монголын хөрөнгийн биржид өнөөгийн байдлаар 29 компани хувьцааныхаа ногдол ашгийг олгохоор зарласан байна. 

-Хувьцааны ногдол ашиг олгохтой холбоотой иргэдийг  төөрөгдүүлсэн мэдээлэл цахим орчинд  гарч байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Ийм үйлдэл өмнө нь 2015 онд гарч байсан. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцааг  худалдаж байна хэмээх ташаа мэдээлэл гарах болсон. Иргэдэд мэдээлэхэд, хувьцааны талаарх мэдээллийг www.ett.mn вебсайт, 1800-1072 хэмээх энгийн утасны тарифаар ажиллаж буй лавлах утаснаас асууж болно. Мөн фэйсбүүк хуудсаар “1072 хувьцааны мэдээллийн төв” хэмээх нэртэй шар логотой пэйж хуудсыг ажиллуулахаас гадна мэдээллийн төвөөрөө дамжуулан үнэн зөв мэдээллийг хүргэж байна. 158989  дугаарт регистрийн дугаараа илгээж, мессежээр хариу авах боломжтой. Сошиал орчинд 1072 хувьцаатай холбоотой 80 гаруй пэйж хуудас, 30 орчим групп иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүд цацаж таван сая төгрөгөөр худалдаж авна,  хувьцаа зарна гэсэн байсан.  Хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг. Гэхдээ зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хувьцаа болон нийт иргэдийн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл цахим хэлбэрээр ҮЦТХТ-д хадгалагддаг. Ийм байхад хаалттай компанийн хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулдаг зүйл гэж байхгүй. Үүний цаана ямар нэгэн бүлэг этгээдүүд,  тэр ч байтугай насанд хүрээгүй хүүхэд хүртэл байсан. Тэдгээр пэйж, группүүд хандалт, дагагчаа өсгөх зорилгоор иймэрхүү агуулга бүхий хуурамч мэдээлэл, зар нийтэд түгээж байгааг сэрэмжлүүлж байна.  

-Буруу ташаа мэдээлэл тараасан этгээдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Монгол Улсын компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу олон нийтэд худал мэдээлэл түгээвэл иргэнийг 2000 нэгж, хуулийн этгээдийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох зохицуулалттай.

-Иргэдийн ойлголт тааруухан байх шиг байна. Нөгөө талаас өмнө нь тарааж байсан цэнхэр, ягаан тасалбар шиг хадгалагдаад үлдэх вий гэж бодож байгаа байх? 

-1992 онд их хувьчлал явагдаж, улсын 475 аж ахуйн нэгж байгууллагад 1.1 сая гаруй иргэнд цэнхэр тасалбар олгосон. Гэсэн ч ихэнх нь үүний үр ашгийг нь хүртэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед хүмүүс ойлголт мэдлэггүй байсан учраас цэнхэр тасалбараа 1000 төгрөгөөр зарах, одоог хүртэл авдартаа хадгалах, жаазанд хийгээд хүртэл хадгалсан байдаг. Тиймээс бид 1072  хувьцааг дээрх цэнхэр, ягаан тасалбар шиг  үнэгүйдүүлж болохгүй шүү дээ. Монголчууд бид “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072  хувьцааны талаархи ойлголт мэдлэгтэй болоод, хөрөнгийн зах зээлд гарахаар нь санхүүгийн барьцаа, баталгаа хэлбэрээр ашигладаг  болмоор байна. 

-Иргэд юуг анхаарах ёстой вэ. Хувьцааг  яаж ашиглах нь тэдэнд өгөөжтэй юм бэ? 

-1072 хувьцаа дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй болсон үед өвлүүлэх, зарах, нэмэгдүүлэх, бэлэглэх зэрэг бүх эрх нь үүснэ.  Нээлттэй болоогүй хувьцааг зарж борлуулах нь хувьцааны үнэ ханшид эерэг, сөрөг олон нөлөөг үзүүлдэг дэлхийн жишээ байдаг. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа нь монголчуудад 200 жилийн үр ашгаа өгөх хувьцаа учраас иргэд санхүүгийн баталгаа хэлбэрээр ашиглах хэрэгтэй.   Мөн хувьцааны данс онлайнаар нээх үйлчилгээ 5,000 төгрөг болсон. Хувьцааны данстай иргэд дахин данс нээх шаардлагагүй бөгөөд одоо ашиглаж буй арилжааны банкны дансаа хувьцааны данстайгаа холбоход болно.