ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ-аас цар тахал хэмээн зарлалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-12

ДЭМБ-аас өнөөдөр 00:25 цагт шинэ коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж зарлалаа. Сүүлийн 100 жилийн хугцаанд дөрвөн цар тахал гарснаас сүүлийнх нь 2011 онд гараад байсан юм. Энэ удаад гарсан цар тахал коронавирусээр үүсгэгдэж байгаа анхных нь бөгөөд хяналтад авч чадсан гэдгээрээ онцлог аж. Гэхдээ иргэдийг хэтэрхий их айдас, түгшүүрт автан дархлаагаа сулруулж болохгүй гэдгийг анхааруулсан байна. Мөн ДЭМБ-аас эрсдэлт бүлгийг 60-аас дээш насныхныг хамруулж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш насныхныг эрсдэлт бүлэгт хамруулж эхэлжээ.

Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа хэлэхдээ, "Гуравдугаар сарын 10-ны байдлаар  дэлхийн 117 улсад нийт 118,326  тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж нийт нас баралтын тоо 4,292 болсон. БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн. БНСУ-д 22 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 60 хүн нас барсан бол Италид 977  тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 10,149 боллоо. Иранд 8,042 нийт тохиолдол болж нас баралт 30 болсон байна" гэсэн юм.

ДЭМБ-аас мэдээлснээр ирэх долоо хоногт тохиолдол нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж үзжээ. Одоогоор ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад яаралтай хариу арга хэмжээг өдөр тутамд шийдэмгий авахыг сануулсаар байгаа аж. Дэлхийн 81 улсад халдвар бүртгэгдээгүй боловч цар тахлын явцад үйл явдлыг өөрчилж болохыг ДЭМБ-аас давтан мэдэгдсээр байгаа юм.