ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Онцгой цаг үед “онцгой” хурд хэрэгтэй юу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-18

Монгол Улсын Шадар сайдын ажлын албанд ажилладаг бүсгүй твиттер хуудсаараа “Сургууль, цэцэрлэгийг хаасан хугацааг сунгахаар боллоо” гэх мэдээллийг олон нийтэд хүргэсэн нь саяхны үйл явдал. Албан ёсны шийдвэр гараагүй байхад буюу өмнөх өдөр нь жиргэсэн хэрэв. Харин бүсгүйн жиргээний араас маргааш өглөө нь Засгийн газар хуралдаж, яг л тэр мэдэгдлийг гаргасан билээ. Эндээс болж бүсгүй олон хүнд адлуулсан. Төрийн албан ёсны шийдвэрийг урьдчилж мэдэгдэх байсан юм бол түүнийх нь төлөө Засгийн газар хуралдаж, Улсын онцгой комиссоос мэдээлэл хийх шаардлагатай юу гэх асуудал ч сөхөгдөж байлаа. Албан тушаалын давуу байдлаа ашиглан олж мэдсэн мэдээллээ албаны бус шугамаар урьдчилж тарааж болохгүй гэдгийг өнөөх бүсгүй ч ойлгосон нь тодорхой биз. Тэгвэл халдвартай бүс нутгуудаас эх орноо тэмцэж ирсэн монгол иргэдээс гурав нь covid-19 вирусээр өвчилсөн гэх мэдээллийг нэр бүхий мэдээллийн сайтууд албаны ёсны мэдээлэл тархахаас өмнө олон нийтэд мэдээлсэн нь шүүмжлүүлэх шалтгаан болов.

Мэдээллийн шуурхай байдал, бусдаас ялгарах чадвар юу юунаас чухал ч харанхуй шөнө, хүмүүс унтах цагаар мэдээлэл түгээснээс болж, дээр дооргүй л сандарчээ. Зарим иргэд зам дахиад хаах нь хэмээн харанхуй шөнө 01.00 цаг өнгөрч байхад орон нутгийн замд гарсан асуудал ч яригдлаа. Хэрвээ муу муухай зүйл болж, эдгээр хүмүүс замдаа осол аваарт өртвөл хэрхэх билээ, бид. Дэлхий нийтээр тэртээ, тэргүй агаар дуслын замаар халдаж, амь насанд заналхийлдэг халдварт өвчнөөс айж, түгшиж байхад иргэдийг айдаст автуулж, онцгой нөхцөл байдлын үед олон нийтийг бужигнуулсанд олон хүн дургүйцлээ илэрхийлжээ. Мөн ажлаа хийж байсан эмнэлгийн байгууллагын албан хаагчид руу сэтгүүлчид ээлж дараалан залгаж “Үнэн юм уу. Мэдээллээ өгөөч, хурдал” гэх мэтээр дарамталж байсан талаар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр эрүүл мэндийн байгууллагынхан учирлаж байна билээ. Халдварт өвчнийг бусдад тараахгүйн тулд, мөн урьдчилсан сэргийлж, хамт ирсэн хүмүүсийг тусгаарлах, шинжилгээ авах гээд эмч, эмнэлгийн ажилчид 24 цагаар нойргүй ажиллаж байгаа. Гэтэл албан ёсны мэдээллээ хүлээхгүй түрүүлж мэдээлэх гэсэн сэтгүүлчдэд нэгбүрчлэн хариулт өгөхийн тулд утсаа авах нь хүндрэл, бэрхшээл учруулж буйг нуугаад яах юм. Сэтгүүлч хүн бусдаас түрүүлж мэдээлэх, тэргүүн эгнээнд явах учиртайг хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэвч цар тахал дэгдсэн, онцгой цаг үед сэтгүүлч бид онцгой хурдаас илүү ёсзүй, дүрмээ чанд баримтлах ёстойг эдгээр өдрүүдийн нөхцөл байдал харуулж байх ажээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас ч цахим сайтуудыг сэтгэгдлээ хаахыг уриалж, мөн нийгмийн айдаст автуулах худлаа мэдээлэл цацахгүй байхыг санууллаа. Тиймээс цар тахлын мэдээг нэг сувгаар буюу албан эх сурвалжаас баталгаажуулах гэсэн ганцхан дүрмийг маш олон хэвлэл мэдээлэл дагаж мөрдсөөр байгаа, цаашдаа ч мөрдөнө. Бусдаас түрүүлж мэдсэн ч түүнийгээ албаны мэдээллээр баталгаажуулахын төлөө явж байна, бид. Хадаас бэлтгэх, хурдтай байх, бусдаас ялгарах гэсэн “жижиг” эрх ашгаас илүү нийтийн аюулгүй амгалан тайван байдал, нийгмийг буруу зүйлд турхирахгүй байх нь “сэтгүүлч” гэж том нэр хүндийг өргөж яваа хүн бүхний мөрдөх ёстой наад захын дүрэм болон хувирчихаад байгааг хаа, хаанаа ойлгоцгооё. Энэ бол сэтгүүлчийн мэдээлэх эрх, иргэний мэдэх эрхэнд халдсан зүйл огтхон ч биш. Нэг хоногийн өмнө мэдээллээ гээд юу ч хожихгүй учраас сэтгүүлч нөхөддөө зөвхөн ёсзүйтэй, хүн байх, хүнлэг байх зарчмаа энэ өдрүүдэд мөрдөж, нийгмээ турхирах биш нийтийн эрх ашгийн төлөө цензуртэй ажиллахыг уриалъя. Хэргийн газарт очоод хамгийн түрүүнд мэдээлэх үү, хүний үхлийг хэрхэн яаж хүргэх вэ, энэ хүний ард гэр бүл, үр хүүхэд нь байгаа шүү дээ гэсэн наад захын хүн чанар, эмзэглэх, эмээх ёсзүйтэй байдлаас л үзэг, микрофон хоёрыг барих эсэх нь шийдэгддэг гэдгийг бидний ахмад, дунд үеийн сэтгүүлчид сануулсаар байгаа. Ард түмэн ч биднээс зөвхөн хүн байх, хүн чанараа алдахгүй байхыг хүсдэг.

Дэлхий нийт хүртэл түрүүлж мэдээлэх бус түүнийгээ баримтаар баяжуулах, хадаас болгож хөөсрүүлэх бус харин уншигчиддаа мэдээлэл өгөх, нэг сэдвээ орхих бус нэмэлтээр баяжуулах, нэгнээсээ түрүүлж мэдээлэх бус нийтээрээ сэрэмжлүүл гэсэн уриалга гаргалаа. Баримт бас дахин баримт. Тэр дундаа албаны эх сурвалжаар баталгаажсан баримтыг дэлхий дахин сэтгүүлчдээсээ нэхэж байгаа. Дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд хүртэл түрүүлж бус түүнийгээ баримтаар, бас албаны эх сурвалжаар баталгаажуулах зарчмыг энэхүү өвчний үед баримталж буйг та бид харж, суралцаж, бас дагах нь зүй ёсны асуудал. Энд ганц хэвлэлийг, эсвэл нэг сэтгүүлчийг буруутгаад өнгөрөх зүйл биш юм. Ерөөс хэвлэл мэдээлэл бүхэн яг энэ зарчмаар ажиллахсан. Мэдээнд өгч буй гарчгаа хүртэл анхаарах ёстойг нийгэм харуулав. Өдөр бүхэн хуралдаж буй Улсын онцгой комиссын хуралдааныг хүртэл “шуурхай хурал зарлалаа” гэх мэтээр хөөсрүүлснээс болж, өнөөдөр маш олон хүн зам хаах уу, замд гарлаа гэх мэтээр “хөөрцөглөв”. Дагаад нөгөөх л эрсдэл, осол аваар, хүний амь насны асуудал яригдана. Дэлгүүрт очерлож, барааны үнээ хөөрөгдөх нь наад захын асуудал болж байх ажээ. Сэтгүүлчдэд мэдээлэл дамжуулж буй албаны эх сурвалжууд ч энэ өдрүүдэд хүний төлөө ажиллаж байгаа гэдгээ ойлгож, урдах ажлаа л хийе. Харин мэдээлэл авсных нь төлөө сэтгүүлчийг цагдаа, шүүхээр айлгаж, эх сурвалжаа хэлэхийг шаардана гэдэг бол ардчилсан нийгэмд байж болохгүй дарангуйлал гэдгийг ойлгоосой.