ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Одоо бид хичээх үлдлээ

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-03-20

Нийслэлчүүд бид жилээс жилд хотын соёлдоо суралцсаар байгаа. Нэг үеийг бодвол замын хөдөлгөөний дүрмээ барьдаг жолооч нар олон болсон. Бид бусдыгаа хүндэтгэдэг бас инээж чаддаг боллоо. Гэсэн ч илүү их соёлжих, хотжих шаардлага байсаар л байна.

Өнгөрсөн цагаан сарын баярын  хэдхэн хоногт л гэхэд нус шүлсээ хаях, ил задгай бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 281 мянган иргэнд зөвлөмж тарааж, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг. 47 сая төгрөгийг зүгээр л нус шүлсээ хаясны торгуульд төлнө гэхээр харамсмаар биш гэж үү. Энэ бол цэвэр бидний ухамсраар хэмжигдэх асуудал юм.

Сүүлийн өдрүүдэд харин бид их хотын иргэд ийм соёлтой байх ёстой гэдгийг харуулж чадаж байна. Цаг үеийн байдлаас хамаарч нийслэл хотдоо хоёр ч удаа их цэвэрлэгээ хийлээ. Хот маань өмнө нь байгаагүйгээрээ цэвэрхэн болсныг уншигч та анзаарсан болов уу. Эерэг талаас нь харвал энэ цаг үе бидэнд цэвэрч нямбай, эв нэгдэлтэй байхын үр дүнг харууллаа.

Төр  засгаас ч авах ёстой арга хэмжээ, шийдвэрүүдийг цаг тухайд нь гаргаад явж байна. Харин өвчний дуулианаар бидэнд тогтож байгаа сайн хэвшлээ хадгалж үлдэж чадвал шинэ зууны хотын соёлт иргэд байж чадах билээ. Гараа угаахаас эхлээд бидэнд тогтсон сайн дадал зуршлын ачаар бусад төрлийн ханиад томуу хэд дахин буурсныг албаныхан сайшааж байгаа.

Тиймээс одоо иргэн бүхэн дор бүрнээ хичээгээд, байгаа орчиндоо цэвэрхэн амьдрах нь юу юунаас илүү чухал юм. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг хөгшчүүд л дураараа авирлаж бохир, бүдүүлэг гэлцдэг ч харин энэ удаа бол залуусаас илүү хөгшид албаны хүмүүсийн зөвлөгөөг ягштал мөрдөж, амны хаалтаа салгахгүй зүүж байна.

Харин соёлыг  түгээх ёстой залуучууд  амны хаалтаа өрөөсөн чихэндээ зүүж гудамжинд хээв нэг тамхи татан шүлсээ хаяж харагдах юм. Хогтой хотыг, гудамжийг, орцыг, орчныг бид өөрсдөө л бий болгодог шигээ цэмцгэр хотыг ч бид л бий болгож чадна. Тиймээс дор бүрнээ хичээе залуус аа.