ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Цэрэндаваа: Япон хүнээс хоёр дахин илүү зүтгэж байж адилхан амьдарна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-20

“Харьд суугаа монголчууд” буландаа Япон улсад ажиллаж, амьдарч буй М.Цэрэндаваа бүсгүйтэй ярилцлаа. Түүний хувьд Япон улсад амьдарч буй монгол залуусын төлөөлөл юм. Тэрбээр,  нөхрийнхөө хамт хувийн жижиг компани байгуулан ажиллахаас гадна,  харийн оронд гэр бүл, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй энгийн нэгэн эмэгтэй билээ. 

-Япон улсад хэзээнээс амьдарч эхэлсэн бэ.  Байгалийн гамшиг,  цаг уурын нөхцөл  гэх мэтчилэн дэлхийн нийтийг түгшээсэн олон  хүндрэл гардаг учраас их эрсдэлтэй юм шиг санагддаг л даа?

-2011 оны хавар Японд цунами болж олон  гадаад иргэд энэ улсаас явж байсан юм. Тэгэхэд би япон хэлний сургуульд суралцахаар ирж байлаа. Хоёр жил суралцаж төгсөөд, өөрийн эзэмшсэн мэргэжил болох Олон улсын худалдааны чиглэлээр суралцаж байхдаа Хүмүүнлэгийн  диплом маань энэ оронд хүчинтэйг мэдсэн л дээ. Тэгээд сургуулиа  дундаас нь орхиод улсдаа нэлээд өндөр зэрэглэлд  тооцогдох зочид буудлын үйлчилгээний албанд үндсэн ажилтнаар гурван жил ажиллаж байлаа. Анх өөр улсад амьдарч үзье, аав ээжийнхээ нөмөр нөөлгөөс гарч, бие даан, илүү орлоготой болж, гадаад хэлийг эх оронд нь эзэмших хүсэлдээ хөтлөгдөж, Монголоос гарсан юм. Дүү маань энэ улсад суралцаж байсан нь ирэхэд нөлөөлсөн гэх үү дээ. Нөхөртэйгөө энд гэрээт ажилтнаар ажиллаж байх үед нь танилцсан. Одоо бид хоёр сайхан хүүхдийн ээж, аав болчихсон  амьдралаа төвхнүүлж байна даа. 

-Одоо  ямар ажил  эрхэлж байгаа вэ. Хүн амын соёл,  ёс суртахуун өндөр хөгжсөн учраас хүний хүч хөдөлмөрийг их үнэлдэг байх?  

-Гурван жилийн өмнөөс нөхөртэйгөө “Маргад” хэмээх Япон, Монгол хоорондын худалдааны жижигхэн компани байгуулсан юм. Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүү­нийг Монголын худалдааны байгууллагууд болон хэрэглэгчдэд нийлүүлдэг. Монголчууд энд ирээд зорилгоосоо хамаарч хийх ажлаа сонгодог. Богино хугацаанд хэдэн төгрөг хураагаад эх орондоо очих зорилготой бол эрчүүд нь барилга нураах, айл нүүлгэх гэх мэт цалин сайтай ажил хийдэг. Арай удаан амьдрах бол ямар нэгэн  компанид үндсэн ажилтнаар орж тогтвортой ажиллаж, гэр бүлийнхнээ татдаг.  Япон хэлтэй, Монголдоо ямар ч их, дээд сургууль, коллеж төгссөн бол мэргэжлээрээ үндсэн ажилтан болж, япон хүний адил нийгмийн халамж хүртэж, таатай  амьдрах боломжтой. Ажилдаа амжилт гаргах нь тууштай олон жилийн хөдөлмөрөөр тодорхойлогддог. 

-Таныг хараад байхад их,  дайчин шаргуу юм шиг  харагддаг. Хүний нутагт бусадтай адил амьдрахын тулд зоригтой, дайчин байж  өдий зэрэгтэй амьдарч байгаа байх гэж хардаг юм? 

-Миний эрхэлдэг ажил монголчуудтайгаа үргэлж холбогдох шаардлага үүсдэг учраас цахим орчинд идэвхтэй байдаг.  10 жил орчим энэ улсад амьдрахдаа мэдэж авсан зүйлсээ Наран  улсад хөл тавиад удаагүй  хүмүүстээ хэлж өгөхийг хичээдэг юм. Анх намайг ирж байхад цөөхөн монголчуудтай, цахим орчин өнөөдрийх шиг хөгжөөгүй, мэдээлэл авах боломж бага, мэдэхгүй зүйл их байсан. Бэрхшээл ихтэй л байлаа. Тийм болохоор мэддэгээ дүү нартаа хуваалцахыг хүсдэг.  Ер нь хүний нутагт амьдарч байгаа хүн япон хүнээс хоёр дахин илүү зүтгэл гаргаж байж адилхан хэмжээнд амьдарна даа.

-Анх ирэхэд ямар сэтгэгдэл төрж байсан  бол. Япон улс олон зүйлээрээ манайхаас эрс тэрс юм шиг санагддаг. Бүх зүйлийг болохгүй,  болохгүй гэхээр монголчууд эхэндээ их стресстдэг гэж ойрын танил маань ярьж байсан юм?   

-Дөнгөж хөл тавихад социалист оронд ирсэн мэт сэтгэгдэл төрсөн. Одоо ч хэвээрээ. Яг л өвөө, эмээ минь нийтийн өмчийг хайрла хамгаал, ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гэдэг шиг. Хэн ч ардчилсан эрх, эрх чөлөө ярихгүй.  Харин миний хийх ёстой зүйлийг л ярьдаг. Гэхдээ занахгүй, загнахгүй, чанартай сайн хийтэл ярьж ойлгуулна. Хогоо ингэж ялга, тэр өдөр тийм хогоо гарга гээд л. Яг л нийтээрээ нэг санаатай байж хууль дүрмээ баримтална. Робот шиг. Бид одоо дасаад гайгүй л болж байна. Өмнө нь бол гайхширдаг байлаа. Болох юм байна уу гээд л. Энэ байдал манайхны эрчүүдийг нэлээн стресстүүлдэг бол эмэгтэйчүүд арай хөнгөн хүлээж авдаг нь ажиглагдсан юм.  Хоолны хувьд ч анхандаа хэцүү санагдсан. Анх ирээд л хоолны зураг хараад мах нь хаана байна гэж бодож байснаа санаж байна /инээв/. Тэгээд “мах орсон хоол авъя” гэж хэлэхээр япончууд их гайхдаг байж билээ.

-Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд  ямар таатай нөхцөл бүрдсэн бэ? 

-Нөхөр бид хоёрын хувьд  хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож энд амьдарч байгаа. Энд амьдардаг олон монгол хүн бидэн шиг бодолтой байдаг байх.  Цэцэрлэг нь ээж, аавынх нь ажлын цагт тохируулж харж өгнө. Хүүхдэд тохирсон эм, эмнэлэг, эмчилгээ үнэгүй, дээрээс нь улирал бүр хүүхдийн мөнгө авна гэх мэтчилэн таатай олон зүйл бий.  Хамгийн чухал нь амьдрах орчин,  хоол хүнс аюулгүй,  цэвэрхэн байдаг.  Энэ л  хүүхэд өсгөхөд таатай орчин шүү дээ

-Залууст гадны улс орныг зорих олон шалтгаан байдаг байх. Тэглээ гээд хантлаа сайхан амьдарч чаддаг болов уу. Ер нь Японд амьдарч буй монгол иргэдийн ахуй амьдрал  ямархуу байдаг вэ? 

-Болж өгвөл эх орондоо амьдармаар байдаг. Гэхдээ залуус гадны орон руу заавал явж үзэх хэрэгтэй. Бид яг хаана байна, юу хийх хэрэгтэй юм бол гэх мэтчилэн харьцуулах, бодох зүйл их. Тэрийг хүмүүс  нэг их  анзаардаггүй юм шиг.  Эхлээд явж үз, дараа нь харих ёстой.  Бид ч харина.

-Монгол, Япон хоёр орны хөгжил, иргэдийнх нь соёлыг хооронд нь харьцуулашгүй байх. Япон иргэдийн хамгийн хүндэлмээр зүйлийг юу гэж хардаг вэ?

-Япон хүн  гэхээр хэлсэндээ хүрдэг, цагаа барьдаг гэдэг зүйлс хамгийн түрүүнд бодогддог. Дэлхий нийтээрээ ингэж боддог гэхээр энэ хүмүүс ийм л болохоор тэр. Ялангуяа ээжүүдийг биширдэг. Тэд гэртээ байж ирээдүйн чадварлаг, зөв иргэнийг бэлддэг. Тэд гэрийн авгай биш. Хамгийн чухал ажлыг, бүх бие сэтгэл, цаг заваа зарцуулж үр хүүхдээ зөв өсгөж, эр нөхөртөө эрүүл хоол өгч, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаална. Аавууд нь өрх гэрээ тэжээнэ. Хийх ёстой зүйлээ чин сэтгэлээсээ хийдэг ард түмэн. 

-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд аливаа баяр ёслолоор уламжлалт ахуйгаа харуулсан өдөрлөг,  арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Үүгээрээ хүүхдүүддээ өв соёлоо таниулахад ач холбогдолтой байдаг гэж боддог. Хүүхдүүдэд монгол хэлийг нь мартуулахгүй, бас сургах асуудалд хэрхэн анхаардаг вэ? 

-Монголчууд сүүлийн үед их нэмэгдэж байгаа учраас  янз бүрийн өдөрлөг, наадам их болно. Ийм төрлийн арга хэмжээ болох  бүрт хүүхдүүдээ авч явж харуулдаг.  Эндэхийн монгол хүүхдүүд ч дуртай.  Эх хэлээ мартуулахгүйн тулд нөхөр бид хоёр гэртээ монголоор ярьдаг юм. Зун болохоор нутаг руугаа  явуулдаг нь ч их нөлөөлдөг  байх. Гэхдээ гэртээ монголоор, цэцэрлэгтээ японоор ярьдаг болохоор гадаадад амьдардаг хүүхдүүд их оройтож хэлд ордог юм билээ. Гадаадад ажиллаж, амьдардаг ээж, аавууд ч соошл орчинд холбогдон энэ асуудлаар  саналаа солилцож, туршлагаа хуваалцдаг.  

-Хэзээ Монголдоо ирж амьдрах вэ. Монгол орон өдөр ирэх тусам хөгжсөөр байгаа шүү дээ? 

-Очно оо. Нөхөр бид хоёр үргэлж “Бусдад хэрэгтэй нэг зүйлийг хийх хэрэгтэй. Хариад япон чанар гэдэг шиг жинхэнэ монгол чанарыг харуулсан  үндэсний үйлдвэрлэгч болно”  гэж мөрөөддөг. Одоо ч судалж байгаа. Үйлдвэрлэгч орон болчихвол хэн ч гадаад руу гаръя гэхгүй шүү дээ. Эх орондоо очно гэснээс, бага насны хүүхэдтэй гэр бүл Монголдоо очмоор байв ч Улаанбаатар хотын  өвлийн утаанаас болоод  түр харзнаж байсан  юм. Харин энэ өвөл утаа багассаныг хараад харих шийдвэрүүд гарч эхэлсэн шүү. Төр засаг нь зүгээр л хийх ёстой зүйлээ хийхэд залууст ингэж нөлөөлж байна шүү дээ.

-Дэлхийн олон улс орныг хамарсан цар тахал гарч олон хүнийг айдаст автуулж байна. Япон улс энэ өвчнийг давж гарахын  тулд ямар арга хэмжээ авч байна вэ. Бодит нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа вэ? 

-Эндэхийн ард түмэн олон хэцүү зүйлийн ард гараад сурчихсан учраас  огт сандрахгүй байна. Бага, дунд сургуулиудыг амрааж, олон нийтийн үйл ажиллагааг зогсоосон.  Хятад, Солонгосоос нэвтрэх хилээ хаасан. Амны хаалт зүүгээд сурчихсан хүмүүс болоод ч тэр үү тархалт багатай, өвдсөн хүмүүсийн эдгэрэлтийн хувь өндөр байгаа. Настай хүмүүс л айдастай байна. Хэрэв өвдвөл гадаад хүн ч гэлтгүй эмчилгээний зардлыг нь улсаас даана гэсэн шийдвэр гарсан. Ажил амьдрал энд хэвийн үргэлжилж байна даа.