ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: 10 хүний   биеийн байдал сайжирч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-22

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Д.Нарангэрэл: Халдварын тархалт дэлхийн 187 оронд гарсан

/ ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын газрын дарга/

-Халдварын тархалт дэлхийн 187 оронд гараад байна. Нийт долоон оронд өвчлөл нэмэгдсэн. Тухайлбал, Африкийн голдуу орнуудад өвчлөл шилжлээ. Эх газрын нутгаас арлын орнуудад өвчлөл эрчимтэй тархаж эхэлсэн. Испани, Герман, Франц, Италид өвчлөлийн тархалт хэвээр байна. БНСУ-д сүүлийн хоёр хоногт өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн Ухань хотод ажилласан эмч нар энэ өвчнийг ялан дийлэх арга бол ариун цэвэр гэдгийг тодотгосон. ДЭМБ-аас хүмүүс хоорондоо хоёр метрээс доошгүй харилцахыг зөвлөж байна. Тиймээс үйлдвэр, худалдааны байгууллагад тэмдэглэгээ  байршуулж, цахим хэлбэрт нэвтрүүлэх, АТМ пост газруудыг дугаар үүсгэхгүй, тэнд байгаа товчлуурыг хоёр цаг тутамд цэвэрлэхийг ЭМЯ-аас уриалж байна. Дэлхийн бүх улс оронд хурал, уулзалтыг цахимаар хийхийг зөвлөж байна.

Я.Буянжаргал: 1951 хүн тусгаарлах байранд бий

/ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга/

Манай улсад нийт 3115 хүн тусгаарлалт, ажиглалтад орсноос өнөөдрийн байдлаар 1951 хүн тусгаарлах байранд байна. Иргэд амралт, сувилал, цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад байна. Баян-Өлгий аймагт 365, Сэлэнгэ аймагт 196, Дархан-Уул аймагт 173 хүн  тусгаарлагдаж байна. Иймээс Алтанбулагийн хилээр орж ирсэн 44 хүнийг Орхон аймагт тусгаарласан. Хилийн боомтуудтай аймгууд болох Дорнод, Өмнөговь, Хөвсгөл зэрэгт иргэдийг тусгаарлан ажиглалтад авч байна. ДЭМБ болон олон улсын байгууллагын зөвлөмжид өөрчлөлт орж байна. Тусгаарлалт ажиглалтад байгаа иргэдэд гарсныхаа дараа гэрээрээ 14 хоног тусгаарлах зөвлөмжийг хүргүүлсэн. Гадаадад байгаа иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ачаалал маш их болох юм бол бид нэг цэгийн функтыг хаана нээж болох талаар судалж байна. Сургууль, цэцэрлэгийн эмч нарын байрыг ашиглах санал хүртэл  гаргасан.

Н.Цогбадрах: Орон нутагт байгаа манай салбарууд ачаалалтай ажиллаж байна

/ Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал/

-Тусгай чиг үүргийн онгоцоор ирсэн 983 хүний гар утас, ачаа тээвэр, хувийн эд зүйлс, хөлөглөсөн онгоц болон тусгаарлалтын байруудад халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа. Халдвартай нь батлагдсан хүмүүсийн байрлаж байсан буудлыг ариутгаж ажилласан. Орон нутагт байгаа  манай салбарууд ачаалалтай ажиллаж байна. 70284393 утсаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Мөн гуравдугаар сарын 19,20,21-ны өдрүүдэд ХӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Халдвар гарснаас хойш авч хэрэгжүүлсэн арга оновчтой байсан. Монгол Улсаас туршлага судалж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг  дэлхий нийт харж байна. Монголчууд хурдан хугацаанд шуурхай ажиллаж байгаа талаар гадны хэвлэлээр мэдээллийн хэрэгслээр бичсэн.  Эрсдэлийг богино хугацаанд тооцож хариу арга хэмжээ авч хохирол багатай даван туулах арга байна. Монголчууд төр засгийн бодлого шийдвэрээ байнга дагаж ирсэн.

Д.Нямхүү: 153 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

/ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал/

-Сөүл- Улаанбаатар нислэгээр  энэ  сарын 15-нд ирсэн 244 хүнд шинжилгээ хийж, хариу нь гарч дууслаа. Өмнө нь 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байсан бол үлдсэн 153 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдрийн тусгай нислэгээр ирсэн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 10 хүн шинэ коронавиурсийн халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Тэдний  биеийн байдал сайжирч байна. Хоёр өвчтөн хүнд байсан, өдөр тутам бие нь сайжирч байгаа. Мөн энэ сарын 21-ний байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин энэ өдөр 90 хүнийг аймгуудад, Улаанбаатар хотын зарим тусгаарлах төвд ажиглалтад оруулсан.  Гуравдугаар сарын 20-нд тусгаарлалтад орсон нэг хүний хариу сөрөг гарсан. Зөвхөн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийг шинжлээд зогссонгүй, доторх иргэдээ давхар хянаж байна. Тухайлбал, уушигны хатгалгаагаар эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авахад илрээгүй.