ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улс орнууд эдийн засгийн эрсдэлд бэлдэж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-03-23

Энэ онд хүн төрөлхтөн урьдчилан таамаглаагүй шинэ сорилттой тулгарч байна. БНХАУ-д анхлан илэрч, улмаар дэлхий дахинаа тархсан шинэ төрлийн коронавирусийн тахал 10 гаруй мянган хүний амийг авч одсон бөгөөд цаашид ч энэ тоо өсч болзошгүй байгаа юм. Азийн орнууд оновчтой төлөв­лөлт, бодлого хийгээд нэ­лээд­гүй эдийн засгийн эрсдлийг үүрч, халдварын тархалтыг хяналт­даа авч эхэлсэн бол Европын оронд тахал эрчийг авч, зарим улсын төрийн тэр­гүү­нүүд хяналтаа алдсаныг нэ­гэнт хүлээн зөвшөөрч, нулимс дус­луулан мэдэгдэл хийж байна. Ийм эгзэгтэй цаг үед улс орны төр засгийн тэргүүнүүд эдийн засгийн эрсдэлд бэлтгэж эхэллээ. Коронавирусийн тахал дэлхийн эдийн засагт том нөлөө үзүүлэх нь тодорхой байгаа бөгөөд хямралаас урьдчилан сэргийлэх, жижиг компаниудыг эдийн засгийн хямралд сөхрүүлэхгүйн тулд эрх баригчид янз бүрийн арга хэмжээг авч эхэллээ.  

Франц 

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон бизнес эрхлэгчдийнхээ түрээс, ус, тог, татвар гэх мэт суурь зардлуудыг 100 хувь үнэгүй болгох шийдвэр гаргав.  Мөн вирусийн тархалтын улмаас дампуурах магадлал өндөртэй компаниудад 300 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зарлалаа. Макрон эл цар тахлын үед Францын ямар ч компани дампуурахгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд том, жижиг аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд тогтоон барих чиглэлд анхаарч, бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ амлаж байна. Үүнээс гадна бүх шатны сургуулиудыг хааж, олон хүн нэг газарт цугларахыг хориглож, олон нийтэд ач холбогдолгүй буюу ресторан, кафе, кино театр, дотуур байрыг хаах чиглэл өгсөн юм. Улмаар энэ сарын 17-нд үндэстний хэмжээнд 15 хоногийн хугацаатай хөл хориог зарласан билээ. 

Герман

Герман мөн адил эдийн засгийн эрсдэлд бэлтгэж, улсын хамгийн гол ажил олгогч томоохон татвар төлөгч компаниудад хязгааргүй зээл олгохоор шийдвэрлэв. Тодруулбал, тус улсын Засгийн газар коронавирусийн эсрэг тэмцэлд зориулан эдийн засгийн тусламжийн багцыг баталсан. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн томд тооцогдож буй бөгөөд үүнээс компаниудад хязгааргүй зээл олгох аж. 

Канцлер Ангела Меркель “Герман улс пандемик өвчний уналтаас сэргийлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна” хэмээжээ. Түүнчлэн төрийн өмчийн хөгжлийн банк “KfW” нь зээл олгохдоо дээд хэмжээ, хязгаарлалт тогтоохгүй гэх онцлох мессежийг Сангийн сайд Олаф Шолз мэдэгджээ. Германы засгийн газрын 550 тэрбум орчим еврогийн зээлийн сан бол зөвхөн эхлэл гэдгийг Эдийн засгийн сайд Петер Алтмайэр онцолсон байна. Тэрбээр Герман улс мөнгөгүйгээс болж бүтэлгүйтэхгүй. Шаардлагатай бол сангаа дахин дүүргэнэ. Бидэнд удаан хугацааны тэмцэлд хүрэлцэхүйц сан хөмрөг бий. 500 тэрбум гаруй евро гэдэг бол Германыг 2008 оны санхүүгийн хямралын үед гаргаснаас ч их мөнгө” хэмээжээ.

Испани

Испанийн Ерөнхий сайд 200 тэрбум еврогийн багц гаргажээ. Тус улсын Засгийн газар тахлаас үүдэн компаниуд үүдээ барихаас сэргийлэхийн тулд шаардлагатай бүх хөрөнгийг гаргана гэдгээ зарлаад байгаа юм. 

Дани 

Данийн Засгийн газар коронавирусээс үүдэх эдийн засгийн хямралаас болж цалингаа тавьж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэнд хандан энэ үед ажилчдаа цомхтгохгүй авч үлдвэл ажилчдынх нь цалингийн 75 хувийг төрөөс даах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гурван сарын хугацаанд хүчинтэй байх бөгөөд зургадугаар сарын 9-н хүртэл үргэлжилж нэг сарын цалинг хамгийн ихдээ 23 мянган Дани крон /3,418 ам.доллар/ төлж,  үлдсэнийг нь компани өөрсдөө төлөх аж. Тус улсын ерөнхий сайд Mette Frederiksen “Үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч, үйлдвэрлэл зогсолтод орвол ажилчдаа түр хугацаагаар ажиллуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид “Тэднийг бүү хал” гэсэн нэг л зүйлийг шаардана” хэмээн  мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр ажилчид тав хоногийн цалинтай амралт авах эрхтэй гэжээ. Энэ шийдвэр нь цар тахлын дэгдэлтээс болж үүсэж буй зогсонги байдлын эсрэг Засгийн газрыг зүгээс хувийн хэвшил болон иргэдэд үзүүлж буй эдийн засгийн тусламжийн зөвхөн нэг жишээ юм. Өөрөөр хэлбэл, тус улс  хил, цэцэрлэг, ЕБС, их сургуулиудыг хааж, төрийн албаны зайлшгүй биш салбарын ажилчдыг гэрээсээ ажиллах боломжийг хангаж өгчээ. Дэлхийн хамгийн баян орны нэг болох Дани улс нь сүүлийн 20 жилд эдийн засгийн реформын хийсний үр дүнд Засгийн газрын өр төлбөр хамгийн доод хэмжээнд хүрч, нийгмийн эдийн засгаа дэмжиж чадсан билээ.

Их Британи

Их Британын засгийн газар төсвөөсөө 30 тэрбум паундыг жижиг, дунд бизнесээ дэмжих зорилгоор гаргахтай зэрэгцэн Төв банк нь бодлогын хүүгээ 0.75 аас 0.25 хувь болгон .50 пунктээр огцом бууруулав. Мөн өөрийн нөөц сангаас 100 тэрбум паундын “онцгой нөхцлийн зээлийн багц” үүсгэн жижиг, дунд болон бичил бизнест хөнгөлөлттэй нөхцлөөр олгож эхэлжээ. 

Британын Засгийн газрын мэдэлд байдаг RBS группын харьяа Natwest, Ulster банкууд зээлдэгчдээ ямар нэгэн торгууль алдангын төлбөрөөс чөлөөлсөн төдийгүй ипотекийн төлбөрийг гурван сарын хугацаанд авахгүй байх шийдвэр гарган хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн энэ сарын 20-ноос эхлэн Британын Засгийн газар бүх ресторан, баар, кафе, үзвэр үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргаж, тэдгээр газруудад ажилладаг иргэдийн цалингийн 80 хүртэлх хувийг олгохоо мэдэгджээ.  Их Британи даяар 39 мянган баар, 7,600 клуб, 63,000 ресторан кафе, 840 үзвэр үйлчилгээний газруудад ойролцоогоор 1.4 сая хүн ажилладаг бөгөөд эдгээр газрууд бүгд хаагдаад байна. 

Эрх баригчдын үзэж буйгаар ажилчдыг ажлаас нь халах, цомхотгохоос зайлсхийж, санхүүгийн хохирол амсахгүйгээр үүссэн сорилтыг зохицуулж хямралыг давж чадвал эдийн засаг хурдан хугацаанд сэргэнэ хэмээн тооцож байгаа аж. 

Австрали

Австрали улсын Баруун Австрали мужийн тэргүүн Марк МакГоуван коронавирустэй холбогдуулан онц байдал зарласны улмаас ихэнх газруудыг хааж, хөл хорио тогтоон эдийн засгийн эрсдэл үүсч буй тул тус мужийн бүх иргэдээ төлбөрөөс чөлөөлөх болсон гэдгээ мэдэгдсэн. Үүнд байр, цахилгаан, ус, нийтийн тээвэр, түргэн тусламжийн үйлчилгээ зэргийн төлбөр багтах аж. Эдгээрийг зохицуулахад нийт 402 сая ам.доллар төсөвлөсөн байна. Мөн ахмад настнуудад туслах зорилгоор Эрчим хүчний тусламжийн төлбөр буюу концесс карт эзэмшигчдэд олгодог хөнгөлөлтийг 600 ам.доллар болгож хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Баруун Австралийн төрийн албан хаагчдад ч нэг удаагийн 20 хоногийн цалинтай чөлөө олгож, зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгчидэд 17500 ам.долларын нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон байна. 

Макгоуван “Баруун Австралийн гэр бүл, ахмад настан, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн тусламж үзүүлэхийг зорин уг арга хэмжээг авч байна. Бид эрсдэлийг тооцож, төсвийг хяналтдаа авсан учир энэхүү тусламжийг үзүүлэх боломжтой гэж харж байна” хэмээн тайлбарлажээ.

Итали 

Яг одоо дэлхийн цар тахлын голомт болоод буй Итали улсын Засгийн газар орон сууцны зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн. Энэ нь ард иргэдээ санхүүгийн хямралаас хамгаалахад чиглэсэн арга хэмжээ бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэл болон вирусээс үүдэн үйл ажиллагаа нь доголдоод буй бизнесүүд, орлого нь тасалдсан ажилчдыг дэмжихээр 28 тэрбум ам.долларыг төсөвлөжээ.

АНУ

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж 0 хувь болгох шийдвэр гаргалаа. Үүгээр зогсохгүй засгийн газрын болон моргейжийн бонд худалдан авахад 700 тэрбум ам.доллар зарцуулах тухайгаа зарласан юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн улмаас АНУ-д учирч буй хохирлын хэмжээг бууруулахын тулд багц төлөвлөгөөг батласан. Багц төлөвлөгөөнд эдийн засгаа дэмжих, бизнес эрхлэгчдээ санхүүгийн хямралаас сэргийлэх, ард иргэдээ хүнд нөхцөлд оруулахгүй байхад чиглэсэн олон ажил, мөн өвчний улмаас ажлаасаа 14 хоног хүртэл хугацаанд чөлөө авсан, сургууль цэцэрлэг хаагдсаны улмаас бага насны хүүхдээ гэртээ харах болсон эцэг эхчүүдэд цалингийн хэмжээнээс хамааран өдөрт 200 ам.доллар хүртэлх мөнгөн тэтгэмж олгох заалтыг багтаасан байна.