ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Франц иргэний уушгины өөрчлөлт сэргэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-23

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар  ээлжит  мэдээллээ хийлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар салбарын яамнаас гадаадын улс орнуудаас ирсэн иргэдийг эмнэлгээс гарсны дараа гэртээ дахин 14 хоног тусгаарлах, ажиглалтад авахыг санал болгосон. Хэрэв гурван удаа коронавирусийн шинжилгээ хийгээд халдвар илрээгүй бол эмнэлгээс гарах юм байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн иргэд эмнэлгээс гарч гэртээ өөрийгөө тусгаарлахдаа  утсандаа байршил тогтоогч байршуулж, өдөрт хоёр удаа халуунаа хэмжих  саналыг дэвшүүлжээ. Хэрвээ гадагшаа гарах, утсаа унтраавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ “Станбул-УБ онгоцоор ирсэн эрсдэлт 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээг хийж байна. Гуравдугаар сарын 19-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний хариу сөрөг гарсан. Өчигдөр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Илэрсэн 10 хүний биеийн байдал сайн байна. Франц иргэний уушгины өөрчлөлт эргэн сэргэж эхэлжээ. Цаашид бид франц иргэнийг багадаа 10 хоног үргэлжлүүлэн эмчилнэ” гэлээ.