ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-24

Хаврын хуурайшилттай энэ үед ойн болон хээрийн түймэр гарах тохиолдол их байна. Гуравдугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын нутагт хээрийн түймэр гарч, 320 га талбай шатсан. Мөн тус аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс урд зүгт 35 км-т орших Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 10:35 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн бүлгийн 11 алба хаагч, нэг автомашин, Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас 18 иргэн, хоёр автомашин, Булган сумын Засаг даргын Тамгын газраас 22 иргэн, гурван автомашин, нийт 51 хүн, зургаан автомашинтай ажиллаж мөн өдрийн 18:00 цагт цурманд оруулж, 19:24 цагт бүрэн унтрааж Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуягт хүлээлгэн өгсөн аж. Уг гал түймэрт 1,800 га талбай өртөж шатжээ.

Мөн гуравдугаар сарын 22-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 24 иргэн, гурван автомашин, нийт 36 хүн, дөрвөн автомашинтай унтраахаар ажиллаж тухайн өдрийн 19:45 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Уг гал түймэрт 13 га ойн талбай шатсан байна.