ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

500 тэрбумаар аж ахуйн нэгжүүдээ дэмжсэнээр ажлын байрыг авч үлдэнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-25

Дэлхий дахинд хурдацтай тархаж буй коронавирусийн халдварын үед улс орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэж эхэлжээ. Улмаар улс орны нөхцөлд тохирсон арга хэмжээг авсаар байгаа юм. Тэгвэл зарим эдийн засагчид Монгол Улс болон дэлхийн дахинаа эдийн засагт  ямар өөрчлөлт гарсан, цаашид эрсдэлээс хэрхэн сэргийлэх, ажилгүйдлийн талаархи суурь судалгааг хийжээ. Судалгааг өчигдөр Эдийн засагч Б.Дөлгөөн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар танилцууллаа. 

 

260 орчим  мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж болзошгүй

МҮХАҮТ-аас дотооддоо үйл ажиллагаа явуулж буй  1500 гаруй компаниас  “Сovid-19”-ийн үед ажлын байран дахь нөлөөллийн судалгаа авчээ. Энэ сарын 3-ны өдөр судалгаа хийхэд тухайн судалгаанд оролцсон компанийн 4.5 орчим хувь нь ажлын байраа цомхотгож байна гэсэн бол  энэ тоо даруй 30 хувь болсон нь манай улсын эдийн засаг ямар сул дорой болсныг илтгэж байна. Коронавирус аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судлахад,  хоёр долоо хоногийн өмнө  57 хувьд нь маш их нөлөө үзүүлсэн  бол  өнөөдөр 67.4 хувьд нь нөлөөлж эхэлжээ.   Тэр дундаа,  аялал жуулчлал,  тээвэр,  зочид буудал, нийтийн  хоолны газар, сургууль, цэцэрлэг гэх мэтчилэн  маш  олон үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд  сөрөг нөлөөтэй байв.  Үндсэндээ хоёр сар хүрэхгүй хугацаанд нийт судалгаанд оролцсон компанийн 33 хувь нь ажлын байраа ямар нэгэн байдлаар цомхотгосон аж.  Хэрвээ  Засгийн газраас одоо байгаагаасаа  илүү эрчимтэй бөгөөд  оновчтой арга хэмжээ авахгүй бол ойролцоогоор 260 орчим  мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж болзошгүй байна. Үүнийг дагаад 20 гаруй мянган компани үүд хаалгаа барьж,   эдийн засгийн гинжин хямрал үүсч болзошгүй байгааг судалгааны үр дүн нотолж байгааг эдийн засагчид  онцолж байлаа.   Мөн эдийн засагчдын хэлж буйгаар, судалгаанд хамрагдсан 1500 компанийн 65 хувийнх нь орлого буурсан бол 42 хувь нь үйл ажиллагаа  доголдсоноос болж ажлаа зогсоожээ. Харин 30 орчим хувь  нь шаардлагатай бүх зардлаа бууруулж,  ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрсэн гэв. Үүнээс гадна  ажлын байраа хадгалахад зориулсан дэмжлэг хэрэгтэй байгаагаа 63  хувь нь илэрхийлжээ.  Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацааг хойшлуулж өгөх шаардлагатай  байгаа талаар  50 хувь нь хариулжээ. 

Засгийн газраас “төлбөр торгууль,  нийгмийн даатгалыг хойшлууллаа” хэмээн мэдэгдэл хийж байсан ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа нь хүлээлт үүсгэв. Үнийн зөөлөн бодлого хэрэгжүүлж, Монголбанкинд олон асуудлыг шийдсэн ч Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэр одоо болтол албан ёсоор гараагүй,  хэрхэн хэрэгжиж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Хоёр долоо хоногийн дараа гарна гэсэн хүлээлттэй байгаад  хувийн хэвшлийнхэн,  иргэд бухимдалтай байгаа аж. Арилжааны банкинд иргэд ихээр хандаж, Засгийн газрын шийдвэрийг  хэрэгжүүлэхгүй байна хэмээн  хандаж байгааг банкныхан учирлажээ.

 

2009 оны эдийн засгийн хямралтай ижил байдал үүсчээ

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хэрхэх,  цаашид  ямар арга хэмжээ авбал үр дүнтэй байх талаар Эдийн засагч Б.Дөлгөөн нарийвчлан судалжээ. Судалгаанаас үзэхэд  төсвөөс танаж, тэвчиж болох  500 тэрбум төгрөгийг  үйл ажиллагаа нь доголдолд орсон аж ахуйн нэгжүүдэд зээлэх замаар тэднийг дэмжих боломжтой гэв. Тэднийг дэмжсэнээр  иргэдийн ажлын байр хадгалагдаж үлдэх, цаашлаад манай улсын эдийн  засаг тогтвортой байх тооцооллыг  гаргасан байна. 

Судалгааны гол дүгнэлтийг харахад, 

Нэгдүгээрт, дэлхий дахинаа коронавирусээс болж үүсэх эдийн засгийн нөлөө  өмнө нь гарч байсан САРС, МЕРС-тэй биш,  2009 онд нүүрлэж байсан эдийн засгийн хямралын шинж чанартай илүү адилхан  байгаа аж.  Хоёрдугаарт, манай улсын Засгийн газраас арга хэмжээ авч байгаа ч хангалтгүй гэж эдийн засагчид  үзжээ. Одоо байгаагаас илүү өргөн хүрээнд арга хэмжээ авч байж бид  үр дүнд хүрнэ гэв. 

Эдийн засагч Б.Дөлгөөн дээрх судалгаа болон бусад мэдээл­лийг үндэслэн зарим зөвлөмжийг гаргасан  байна. Үүнд,

-2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2.5 их наяд төгрөг төлөвлөсөн бөгөөд нийт тендерийн 50-аас дээш хувийг шалгаруулах төлөвлөсөн хугацаа нь 2020 оны гуравдугаар сар аж. Тиймээс зарлахаар төлөвлөсөн тендерийн санхүүжилтийг  дахин эргэцүүлж, эдийн засгийн уналттай байгаа энэ цаг үед шаардлагатай салбаруудад зарцуулах, 

-Бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй томоохон асуудал нь ажилчдын  цалин.  Үйл ажиллагаа нь цаашид  үргэлжлэхэд хүндрэлтэй байгаа тул ажилчдаа цомхотгоход хүрсэн. Тиймээс төсвийн санхүүжилтээс бизнес эрхлэгчдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх,

-Ажилчдаа цалинтай амраахад туслалцаа үзүүлэх,  гэртээ хүүхдээ харж буй эцэг эхэд мөнгөн дэмжлэг  үзүүлэх, мөн эмзэг бүлгийн иргэдийн сарын ашиглалтын төлбөрт туслалцаа үзүүлэх шаардлагатай гэж үзжээ.  Үүнээс гадна Засгийн газар төсвийн тодотгол хийх боломж, хугацаа маш хурдан дуусч байгаа гэдгийг онцгойлон анхааруулжээ. 

Эдийн засагч Б.Дөлгөөнөөс зөвлөмжтэй холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа. 

-Хэрвээ таны зөвлөсөн бодлого шийдвэрийг хэрэг­жүүлээд явбал  өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдлыг хэр гарз хохирол багатай даван туулж чадах вэ? 
-Хэрвээ бид макро түвшинд аж ахуйн нэгжүүд,  нийлүүлэлт рүү чиглэсэн арга хэмжээ  авбал  сайжирна. Хэр сайжрах боломжтой вэ гэдэг нь эргээд хэр хэмжээний нөөцтэй вэ гэдгээс хамаарна. Мэдээж зорилттой  байх ёстой. Бүгд рүү хавтгайруулж  болохгүй. Хүндрэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдээ зургаан сарын хүндрэлээс авч гаръя. Тэгэх юм бол  бид  их хэмжээний ажлын байрыг хадгалж үлдэнэ. Цаашид татварын орлогыг  урт хугацаанд хадгалах боломжтой шүү дээ.
-Засгийн газар дор бүр нь шийдвэрээ гаргаад явж байгаа шүү дээ? 
-Аж ахуй нэгжүүдэд 500 тэрбум төгрөг шууд өгч байгаа хэрэг биш. Зээл олгож байна гэсэн үг. Багийн төвд  музей,  хөшөө болох мөнгө зээл болоод  ирвэл  олон мянган аж ахуйн нэгжийн дарамтыг бууруулна. Дарамт буурах юм бол тэдгээр аж ахуйн нэгжүүд  хаалгаа барихгүй гэсэн санааг гаргаад  байгаа юм.