ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж, УОК-т хандив өргөлөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-30

Монголын Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж өнөөдөр Улсын онцгой комисст албан ёсоор хандив гардуулав. Тодруулбал, 70-96 насны ахмадууд нэгдэж энэхүү хандивыг цуглуулжээ. Ардын жүжигчин Д.Ухнаа гуай хандивын талаар ярихдаа “Засгийн газраас гаргаж буй шийдвэр бүхнийг иргэн хүний хувьд талархан хүлээж авсан. Энэ их бужигнуун дундуур ард түмнээ бодсон шийдвэр гаргасанд баярлаж байна. Бид телевиз хараад дуугүй суугаад баймааргүй байна. Тиймээс нэгдэж хандив өгье гэж ярьсан юм” хэмээлээ. Хандивт,

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай Л.Цогзолмаа

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Жанцанноров

- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт , Ардын жүжигчин Б.Жамъяндагва

-Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад

-МУАЖ, Хөгжмийн зохиолч П.Хаянхярваа

-Ардын жүжигчин Д.Ухнаа

-Ардын жүжигчин, Кино найруулагч Г.Жигжидсүрэн

-МУАЖ А.Долгор

-МУАЖ Ч.Мөнхшүр

-МУАЖ Ш.Чимэдцэеэ

-МУАЖ Г.Баярмагнай

-МУАЖ, Төгөлдөр хуурч Т.Цолмон

-МУАЖ, Циркчин Б.Норовсамбуу

-МУАЖ, Найруулагч Б.Мөнхдорж

-Ардын уран зохиолч Ш.Дулмаа

-Ардын уран зохиолч Д.Цоодол нарын уран бүтээлчид тус тун нэгдэж, хандив өргөжээ. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад гуай “Монголын ард түмэн энэ их хүнд хэцүү цаг үеийг эв нэгдэлтэй даван туулж, хүч бололцоогоо дайчилж байгаад иргэн хүний хувьд талархаж байна. Монголын ард түмэн ямар эв нэгдэлтэй, нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, дэмждэг, төрийн бодлогоо үнэнчээр хэрэгжүүлж байгаад баяртай байна. Түүний дотроос онцгой байдал, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчиддаа баярлалаа. Бид хүчтэй, эх орныхоо төлөө хүчин зүтгэцгээе гэж уриалж байна” гэлээ. Улмаар УОК-ийн “Шуурхай штаб”-ын зүгээс эх орондоо хандив өргөсөн эдгээр ахмад настнуудын төлөөлөлд хүндэтгэлийн жуух бичиг гардуулсан юм.