ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хийн хоолойг Монголоор дамжуулахад зардал нь бага, ашиг нь өндөр гэх судалгаа гарчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-04-01

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн хоёр дахь төсөл болох “Сибирийн хүч 2”-ын маршрутыг өөрчилж, Монголын нутгаар дайруулах асуудлыг судалж үзэхийг холбогдох албаныханд өнгөрсөн онд даалгаж байсан.

Тэгвэл энэ сарын 27-нд В.Путин “Газпром” НХН-ийн удирдах зөвлөлийн дарга, захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзаж, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, “Сибирийн хүч 2” төслийн талаар ярилцсан байна. А.Б.Миллер БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг судласан судалгааныхаа дүнг танилцуулжээ. Тодруулбал, “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах ажлын хүрээнд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаагаар тус маршрутаар БНХАУ-д жилд 50 тэрбум куб.м хий нийлүүлэх бүрэн боломжтой болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд үр ашигтай, зардал багатай гэх дүгнэлт гарсан” гэдгийг мэдэгдсэн байна. Улмаар хийн хоолойн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн бол В.Путин ч зөвшөөрчээ.

“Газпром” ХНХ нь 2019 онд 500.1 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, үүнээс 199.3 тэрбум шоо метр байгалийн хийг экспортолсон байна.

2020 онд Хятадын байгалийн хийн хэрэгцээ 360 тэрбум куб.метр орчим болж өснө гэсэн урьдчилсан таамаг байгаа бөгөөд хэрэгцээний 80-110 тэрбум куб метрийг Оросын хийн хоолойнууд нийлүүлнэ гэж тооцож байна. "Сибирийн хүч-1" хийн хоолой жилд 38 тэр куб.метр хий шахах хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын нутаг дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолой 50 тэрбум куб.метр хүчин чадалтай байх тооцоог гаргажээ.

Сибирийн хүч-1 хийн хоолойн эхний хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон. Тус хоолойгоор энэ онд таван тэрбум шоо метр хийг БНХАУ руу нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Олон Улсын Энергийн Агентлагийн тайланд Хятад улсын байгалийн хийн хэрэгцээ 2030 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 550 тэрбум куб метр болно. Мөн 2025 он гэхэд жилийн хийн импортын хэмжээ 155 тэрбум куб.метрээс давж өсөх бөгөөд энэ нь өнөөгийн дэлхийн зах зээлийн 35 хувьтай дүйцнэ гэсэн тооцоо байгаа аж. Гэхдээ энэ нь коронавирус тахал дэгдэхээс өмнө гаргасан судалгаа юм. Өөрөөр хэлбэл, тахал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх эрсдэлийг тооцоогүй дүн гэсэн үг. Улмаар БНХАУ-тай ойрын хугацаанд гэрээ байгуулах магадлал маш бага. Шинэ маршрутын талаар БНХАУ-тай тохиролцоход ОХУ-д амаргүй байх болно хэмээн Сколково менежментийн сургуулийн Эрчим хүчний төвийн шинжээч Сергей Капитоном хэлжээ. Иймд дээр дурьдсан эдийн засгийн үр тооцоо, хийн хэрэглээний судалгааны дүн коронавирусийн дэгдэлтийн эл үед өөрчлөгдөж болох юм. Гэхдээ зураг төслийг боловсруулж байгаа тул хэрэгжихгүй гэсэн үг биш бөгөөд хугацааны хувьд удаашрах магадлал өндөр гэдгийг судлаачид хэлж байна.

Газпромын анхны төлөвлөгөө ёсоор “Сибирийн хүч 2” хийн хоолойг Монгол Казахстаныг зааглан Орос-Хятад шууд хиллэдэг зурвас хэсгээр дамжуулан барихаар төлөвлөсөн. Гэвч, энэ нь нэгдүгээрт Алтайн их уулсыг дамнасан тул барилгын гүйцэтгэлийн зардал асар их туссан, хийн нөөц хуримтлалын үндсэн бассейнаас уг маршрутаар хийн хоолойг БНХАУ-тай холбоход тойруу тул урсгал зардлыг өсгөх сул талтай байсан тул ОХУ “Сибирийн хүч 2” төслийн маршрутаа өөрчилж, Монголоор дамжуулах шийдвэрт хүргээд байна.

Монголын нутаг дэвсгэрээс дамжих маршрут газар зүйн хувьд шулуун,  Хятадын хүн ам ихтэй агаарын бохирдол өндөртэй төвийн болоод хойд бүсийн хотууд руу нийлүүлэлтийн үндсэн бассейнаас шууд чиглэнэ.