ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөрийтэй тоглоомын газар байгуулан, тоглож байсан иргэдийг илрүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-01

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран өнгөрөгч сарын 27-ны өдөр шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцны нэгдүгээр давхарт мөрийтэй тоглоомын газар байгуулан тоглож байсан долоон иргэнийг илрүүлсэн байна. Тус байр нь 5-6 өрөөтэй бөгөөд өрөө тус бүрийг мөрийтэй тоглоом тоглоход зориулан тохижуулсан байжээ. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор Т.Оргил-Очир "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт явууллаа.

Шалгалтын явцад Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны найман айлын байр гэх орон сууцны нэг тоотод Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.17-д зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх мэдээллийг авч, прокурорын хяналтад цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" гэлээ. Эрүүгийн хуульд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.